Шууд Chart

Ерөнхийлөгч Путин тэтгэврийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталлаа

2018-10-04 13:49:21

ОХУ-ын  Ерөнхийлөгч  Владимир Путин тэтгэврийн насыг  нэмэгдүүлэх  нэмэлт  өөрчлөлт оруулах хуулийн  төслийг  дэмжин  гарын  үсгээ  зурсан  байна. Тэтгэврийн шинэтгэлийн тухай хуулинд тусгаснаар  эрэгтэйчүүд   65 насандаа эмэгтэйчүүд  60 насандаа  тэтгэвэрт   гарахаар  болж  тэтгэврийн насыг  нэмэгдүүлсэн  байгаа юм.

Гэхдээ  энэ  өөрчлөлтийг  10  жилийн хугацаанд  хийж  хэрэгжүүлэхээр тусгасан  байгаа юм байна. Гэхдээ  ихэнх  заалтууд нь   ирэх оноос  эхлээд  хүчин төгөлдөр болох юм байна.   хуучин ЗХУ ын үед  буюу  1932  онд   баталсан  хуулиар   Оросын  иргэд  эрэгтэйчүүд нь 60, эмэгтэйчүүд нь  55 насандаа тэтгэвэрт  гарахаар  заасан байсан юм.  Түүнээс хойш  тэтгэврийн насыг  шинэчлэн  тогтоож  байгаагүй  юм.    2016  оны тооцооллоор    Орост  гавьяаныхаа амралтад  гарч  төрөөс тэтгэвэр  тэтгэмж  авах насанд хүрснээсээ  хойш  эрэгтэйчүүд  дунджаар  16  жил, эмэгтэйчүүд  26 жил  амьдардаг гэсэн дүн гарсан  байдаг  байна.

Гэвч  одоо  энэ  хугацаа  тэтгэврийн  насыг  нэмэгдүүлснээр  5  жилээр  багасахаар болж байна.  Тэтгэврийн  тухай хуулинд  нэмэлт өөрчлөлт оруулах санаачлагыг  Оросын засгийн газрын дарга  Дмитрий Медведев  гаргасан юм. Тэрээр  хуучин ЗХУ  ын үед тэтгэврийн насыг  тогтоож байхад   хүн амын  дундаж наслалт 40 жил байсан. Харин одоо  улс  орны амьдрал сайнаар  өөрчлөгдөж хүмүүс ч  идэвхтэй  ажиллаж  амьдрахыг хүсч байгаа учир  тэтгэврийн насыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа Төрийн Думын  чуулган дээр анх мэдэгдэж байсан юм.  Гэвч  засгийн газрын энэ санаачлагыг эсэргүүцэгчид  Орост  цөөнгүй байсан юм. 

Олон нийтийн байгууллагууд,   үйлдвэрчний эвлэлийнхэн  шинжээчид  оролцсон  парламентын хэлэлцүүлгийг хүртэл  хийж байсан юм.  засгийн газрын  боловсруулсан хуулийн төсөлд  эмэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах насыг  63 гэж тогтоохоор төлөвлөж байсанд Ерөнхийлөгч  өөрчлөлт оруулж  60 болгосон.  Мөн  2028 оноос  хэрэгжүүлэхийг тусгасан.  Үүний зэрэгцээ 3 аас дээш  хүүхэдтэй  эхчүүдийн  тэтгэвэрт гарах насыг  55-57  болгож  өөрчлөх  заалтыг   оруулж өгсөн.  Дээр  нь  тэтгэвэр болон ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээг ирэх оноос эхлэн нэмэхээр  хуулинд заасан  байгаа юм. Мөн хөдөө  тосгонд амьдардаг  өндөр настнуудын тэтгэврийг  25 хувиар  нэмэх,  тэтгэврийг  индексжүүлэх заалтууд ч багтсан байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ерөнхийлөгч Путин тэтгэврийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталлаа  
Үзсэн: 899 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй