АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай яриа хэлэлцээ хийхээр өнөө өглөө Пхеньянд хүрэлцэн ирлээ. Помпео Пхеньянд очихын өмнө Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Гадаад хэргийн сайд Таро Конотой уулзсан. Талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгохын төлөө гэдгээ илэрхийлж, Помпео Пхеньянд хийх яриа хэлэлцээний үеэр умардын тусгай албаныхны хулгайлсан япон иргэдийн сэдвийг хөндөнө гэдгээ амласан байна.
Помпео өмнө нь өөрийнхөө айлчлалын талаар сэтгүүлчидтэй уулзахдаа энэ уулзалтын дүнд АНУ болон БНАСАУ-ын удирдагч Дональд Трамп, Ким Жон Ун нарын хоёр дахь уулзалтын товыг, мөн хаана болох газрыг зарлаж магадгүй гэсэн. Гэхдээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга өөрөө үүнд бага зэрэг эргэлзэж байна. Хоёр тал хоёр орны байр суурийг бага ч болов ойртуулахын тулд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах сэдвийг нэлээд нухацтай хэлэлцэнэ. Ерөнхийлөгч Трамп энэ талаар хэлэхдээ "Бидэнд хийх ажил “уул, овоо шиг” маш их байна" гэсэн.
БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ли Ён Хо сая НҮБ-ын Ерөнхий ассамблейн индэр дээрээс хэлсэн үгэндээ "Умард Солонгос АНУ-ын зүгээс “найрсаг алхам” хийж байгааг олж харахгүй байна. Эсэргээр Вашингтон биднийг шахаж, хориг арга хэмжээний дарамтыг улам чангатгахыг л шаардаж байна" гэсэн.
Помпео энэ айлчлалынхаа талаар хэлэхдээ "БНАСАУ-д эргэн ирж байгаадаа баяртай байна. Маш өөдрөг үзэлтэй ирж байгаа. Пхеньянд болох яриа хэлэлцээ илүү их харилцан ойлголцол, ахиц дэвшилд хүрнэ гэдэгт найдаж байна" гэсэн. Майк Помпео Пхеньяны айлчлалаа өндөрлөөд шууд Сөүлд очиж, Ким Жон Унтай хийсэн уулзалтынхаа үр дүнг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй хуваалцана.
| АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Пхеньянд ирлээ | ||
| Үзсэн: 1021 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.