Шууд Chart

Токио Өмнөд Хятадын тэнгист явуулж байгаа Бээжингийн бодлогыг “түрэмгий” хэмээн үзэж байна

2018-10-07 18:00:00

Энэ сарын 2-ны өдөр Японы Засгийн газарт явуулсан халаа сэлгээний дүнд Батлан хамгаалахын сайдаар томилогдсон Такэси Ивая Бээжингийн Өмнөд Хятадын болон Дорнод Хятадын тэнгист явуулж байгаа бодлогыг түрэмгий хэмээн үзэж байна. Тэрбээр өнөө өглөө “Эн-Эйч-Кэй” телевизэд ярилцлага өгөхдөө энэ тухай мэдэгджээ.

Такэси Ивая "Сүүлийн үед Японы эргэн тойрон дахь аюулгүй байдал хэрхэн өөрчлөгдөв"  гэсэн асуултад “Дорнод Хятадын тэнгист Хятад улс манай нутаг дэвсгэртэй ойрхон байгаагийн дээр аливааг хүчээр шийдэх гэсэн тэдний бодлого бидэнд огт таалагдахгүй байгаа төдийгүй Өмнөд Хятадын тэнгист ч гэсэн хүчээр шийдэх бодлогоо үргэлжлүүлсээр байна” гэж хариулжээ.

Мөн тэрбээр үүнтэй уялдуулан Солонгосын хойгийн байдлыг хөндсөн байна. Тэрбээр “Умард Солонгосын талаар ярих юм бол АНУ болон БНАСАУ-ын удирдагчдын уулзалт, хоёр Солонгосын удирдагчдын уулзалтын үеэр хүрсэн тохиролцоог бид талархаж байна. Гэхдээ энэ үйл явц дөнгөж эхэлж байна. Нөгөөтэйгүүр бид Умард Солонгос манай нутаг дэвсгэрт хүрэх чадамжтай олон тооны баллистик пуужинтай гэдгийг огт анхааралгүй өнгөрөөж болохгүй” гэж хэллээ.

БНХАУ Өмнөд Хятадын тэнгис дэх Параселийн болон Спратли арлын төлөө Бруней, Вьетнам, Малайз, Филиппин улстай газар нутгийн маргаан дэгдээдэг. Бээжин 2013 оноос хойш тэнд нэмж хиймэл арал байгуулах, эдгээр газар нутгийг эзэмших өргөн цар хүрээтэй ажил эхлүүлээд байгаа. Газар нутгийн маргаан дэгдээх гол шалтгаан нь Хятадын далайн тээврийн 60 хувь, нефть импортын 80 орчим хувь дайран өнгөрдөг далайн тээврийн гол замыг хяналтандаа авахад оршдог.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Токио Өмнөд Хятадын тэнгист явуулж байгаа Бээжингийн бодлогыг “түрэмгий” хэмээн үзэж байна  
Үзсэн: 872 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй