Америкийн төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Пхеньянд айлчилж, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай уулзлаа. Уулзалтаар Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох тал дээр умардын зүгээс хийж буй алхмын хариуд Пхеньянд Америкийн зохицуулах товчоо байгуулах боломжийг хэлэлцсэн байна.
Помпеогийн Пхеньянд очсон гол зорилго АНУ болон БНАСАУ-ын удирдагчдын хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг ойрын үед зохион байгуулах асуудал байлаа. Помпео, Ким Жон Ун нар дайн дууссаныг гэрчлэх тунхаг батлах, мөн АНУ-ын зүгээс хийх алхмууд, тухайлбал Пхеньянд зохицуулалтын асуудлаарх ажлын хэсэг байгуулах гэсэн асуудал хэлэлцлээ. Умард Солонгос үүний хариуд Америкийн шинжээчдийг пуужингийн хөдөлгүүр туршилтын талбайд нэвтрүүлэх, мөн Ёнбен дэх цөмийн байгууламжуудыг нурааж устгах үйл явцад гэрчээр оролцуулахад бэлэн гэдгээ илэрхийллээ. Мөн Пхеньян тив алгасагч баллистик пуужингаа устгахад бэлэн гэдгээ бас илэрхийлсэн байна.
Майк Помпео Пхеньянд хийсэн айлчлалаа “маш сайн” гэж дүгнэж байна. Америкийн төрийн нарийн бичгийн дарга өнгөрсөн 8-р сард Пхеньянд очих байсан ч Сингапурын тохиролцоог биелүүлэх тал дээр нүдэнд харагдахуйц ахиц дэвшил огт харагдахгүй байна гэдгээс болж хойшлуулсан юм. Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Пхеньянд болсон Майк Помпео, Ким Жон Ун нарын уулзалтыг эерэгээр үнэлж байна.
Тэрбээр өөрийн Твиттер хуудсандаа: төрийн нарийн бичгийн дарга Помпео Ким удирдагчтай маш сайн уулзалт хийлээ, Сингапурын тохиролцоог ажил хэрэг болгох тал дээр дэвшилд хүрлээ, би нэг их удалгүй Ким удирдагчтай уулзана гэдэгт найдаж байна” гэж бичжээ.
| Майк Помпео Ким Жон Унтай уулзаж, Сингапурын тохиролцоог урагш ахиулах алхмыг хэлэлцлээ | ||
| Үзсэн: 677 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.