Бразилд өчигдөр болсон ерөнхийлөгчийн сонгуулиар өгсөн саналын хуудасны 98 орчим хувийг боловсруулсны дараах байдлаар Үндэсний парламентын хэт барууны фракцын депутат Жаир Болсонару 46,62 хувийн санал, зүүний чиг баримжаатай Хөдөлмөрчдийн намаас нэр дэвшигч Фернанду Аддад 28,5 хувийн санал авчээ.
Сонгуулийн эхний шатанд ялахын тулд аль нэг нэр дэвшигч 50+1 хувийн санал авах ёстой байсан бөгөөд Болсонару ялалтаас нэг алхмын зайд зогсжээ. Трабальистын ардчилсан намаас нэр дэвшсэн зүүний төвч үзэлт Сира Гомес 12%52 хувийн саналаар гуравт, Бразилийн социал-демократ намын нэр дэвшигч Жералду Алкмин 4,81 хувийн саналаар дөрөвт оржээ. Иймээс Бразилийн хуулинд зааснаар нэг ч нэр дэвшигч 50+1 хувийн санал аваагүй тул тус улсад энэ сарын 28-нд хоёр дахь шатны сонгууль болохоор боллоо.
Бразилийн Нийгмийн аюулгүй байдлын сайд Раул Жунгманны хэлснээр, бүх нийтийн санал хураалт маш тайван болж өнгөрсөн нь өмнөд Америкийн энэ улсад ардчилал “насанд” хүрснийг гэрчилж байгаа юм байна. “Бид ямар нэг ноцтой зөрчил, сөргөлдөөн болсон гэх мэдээлэл огт аваагүй, энэ нь манай улсад ардчилал ялсныг, ард иргэдийн хүсэл эрмэлзлийг хүндэлдэг болсныг харуулж байна, бразилчууд ойрын 4 жилд улс орноо удирдах хүнээ ийм тайван нөхцөлд сонгож байгаа нь тэдний сонголтод сайнаар нөлөөлөх нь дамжиггүй” гэж Жунгманн сайд хэллээ.
Хэдийгээр сонгуулийн өмнө барууны болон зүүний хүчнийг дэмжигчид хооронд мөргөлдөөн болж магадгүй гэсэн болгоомжлол яригдаж байсан ч ийм юм болсонгүй, энэ юуг харуулж байна вэ? гэвэл сонгогч бүр бусдын сонголтод хүндэтгэлтэй хандасны илрэл гэж ажиглагчид хэлж байна.
| Бразилд ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгууль болно | ||
| Үзсэн: 610 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.