Шууд Chart

Интерполын тэргүүн Мэн Хунвэйг Хятадад саатуулжээ

2018-10-09 15:12:51

Сураггүй болсон Интерполын тэргүүн Мэн Хунвэйг хятадын авилгатай тэмцэх байгууллагын ажилтнууд саатуулсан болохыг Хятадын эрх баригчид нотолж байна. Энэ хүнийг авилгын хэрэгт холбогдуулан сэжигтнээр саатуулсан болохыг Бээжин мэдэгдлээ.

Мэн Хунвэй Интерполын тэргүүн төдийгүй Хятадын нийгмийн аюулгүй байдлын орлогч сайдын алба давхар хашдаг. Хятадад төрийн өндөр албан тушаалтны авилгатай холбоотой хэргийг мөрдөн шалгадаг улсын комисс Мэн Хунвэйг саатуулж, мөрдөн шалгах ажил эхэлснийг нотолж байна. Өчигдөр Мэн Хунвэй Интерполд хандаж, нэн даруй огцрох хүсэлт гаргасан бөгөөд тус байгууллагын дүрэмд зааснаар, Интерполын дэд ерөнхийлөгч, Өмнөд Солонгосын иргэн Ким Чен Ян үүрэг гүйцэтгэгчээр томилогдож байгаа юм байна. Интерполын шинэ ерөнхийлөгчийг ирэх 11-р сард Дубай хотноо болох Интерполын ерөнхий ассамблейгээр сонгоно.

Гэхдээ шинэ ерөнхийлөгч өмнөх тэргүүний үлдсэн бүрэн эрхийн хугацаа буюу энэ удаад 2 жилийн хугацаатай сонгогдох юм байна. Мэн Хунвэй 2016 оны 11-р сард Интерполын ерөнхийлөгч болсон бөгөөд түүний бүрэн эрх 2020 онд дуусна. Энэ хүн хууль сахиулах байгууллага, тэр дотроо хар тамхитай тэмцэх, терроризмтой тэмцэх байгууллагад 40 жил ажилласан, асар их туршлагатайд тооцогддог. Түүнийг Интерполын тэргүүнээр сонгосны дараа хүний эрхийн төлөө тэмцэгчид: энэ томилгоо Хятадаас зугтан гарсан тэрс үзэлтнүүдийг мөрдөж мөшгөхөд тус болж байгаа юм биш үү? гэж болгоомжилж байсан.

Мэн Хунвэй сүүлийн саруудад Хятадад ирээд сураггүй болсон цорын ганц хүн биш юм. Хятадад ирээд гэнэт сураггүй болсон хүмүүс дунд төрийн өндөр алба хашиж байсан хүмүүс, тэрбумтнууд, нэр хүнд бүхий хүмүүс зөндөө байна. тухайлбал өнгөрсөн 7-р сард сураггүй болсон хятадын нэрт жүжигчин Фань Бинбин өнгөрсөн долоо хоногт гэнэт гарч ирж, ард олноосоо уучлал гуйж, татвар төлөхөөс зайлсхийсэн болон бусад зөрчлийнхөө төлөө 883 сая юань буюу 129 сая долларын торгууль төлснөө зарласан.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Интерполын тэргүүн Мэн Хунвэйг Хятадад саатуулжээ  
Үзсэн: 758 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй