Холбооны Бавари мужид өнгөрсөн ням гаригт болсон орон нутгийн парламентын сонгуулийн дүн иргэдийн улс төрчдөд итгэх алдагдсаныг гэрчилж байна хэмээн Германы канцлер Ангела Меркель тодорхойлсон байна. Харин ХНБГУ-ын засгийн газар эмхлэн байгуулах үйл явц сунжирсан, эрх баригч эвсэлд багтдаг намууд санал зөрөлдөөнтэй байгаа зэргээс болж иргэдийн итгэлийг алдсаныг тэмдэглэн хэлсэн байна.
Канцлер Меркель улс төрчдөд итгэл хүлээлгэхгүй бол эдийн засгийн нөхцөл байдал сайн, ажилгүйдлийн түвшин бага байгаад ч нэмэргүй гэдгийг онцлоод эрх баригч эвслийнхэн Баварийн сонгуулийн дүнгээс сургамж авч цаашид идэвхтэй хамтран ажиллах болно хэмээн амласан байна. өнгөрсөн ням гаригт болсон Баварийн парламентын сонгуулийн дүнгээр канцлер Меркелийн тэргүүлдэг Христийн ардчилсан намтай эвсч засгийн газар эмхлэн байгуулсан Христийн социал холбооныхон 37,2 хувийн саналаар 1 рт бичигдсэн. Гэвч энэ нь 2013 оны сонгуулийн дүнтэй нь харьцуулахад тус намын авсан санал 10,5 хувиар буурсан үзүүлэлт юм.
Түүнчлэн Баварид эрх барьж байсан тус намынхан одоо дангаар орон нутгийн засгийн газар эмхлэн байгуулж чадахгүйд хүрчихээд байгаа юм. Тиймээс ч Баварид улс төрийн хүчтэй газар хөдлөлт боллоо. канцлер Меркелийг хугацаанаас нь өмнө огцруулах магадлал нэмэгдлээ гэж орон нутгийн ажиглагчид дүгнэж байна. Харин Христийн социал Холбоо намын гишүүд Хорст Зеехоферт хариуцлага тооцож намын даргаас нь огцруулах хэрэгтэй гэж шаардаж байна. өчигдөр Кронах дахь тус намын удирдлагуудын хуралдаанд оролцогчид ийм шаардлага тавьцгаасан байна. Зарим гишүүд канцлер Меркель болон дотоод хэргийн сайд, Христийн социал холбоо намын дарга Зеехофер нарын хооронд цагаачлалын хуультай холбоотой маргаан дэгдэж байсан нь тус намын рейтингийг унагасан ч гэж үзэж байна.
Хэрэв консерваторууд Зеехоферийг намын даргаас нь төдийгүй сайдын албан тушаалтаас нь огцруулбал Канцлер Меркельд сайд нарын танхимаа авч үлдэхийн төлөө багагүй хүчин чармайлт гаргах хэрэгтэй болно гэдгийг ажиглагчид анхааруулж байна.
| Канцлер Меркель: Баварийн сонгуулийн дүн иргэдийн улс төрчдөд итгэх итгэл алдарсныг баталж байна | ||
| Үзсэн: 669 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.