Шууд Chart

Дональд Трамп: АНУ ОХУ-тай байгуулсан ойрын болон дунд зайны пуужин устгах гэрээнээс гарна

2018-10-21 12:52:46

Вашингтон ойрын болон дунд зайны пуужинг устгах гэрээнээс гарах болсныг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. АНУ гэрээг дагаж мөрдөж байсан ч ОХУ гэрээг мөрдөөгүй гэдгийг АНУ-ын удирдагч цохон тэмдэглэлээ.

Тэрбээр “ОХУ гэрээг зөрчиж байна. Тэд олон жил зөрчлөө. Яагаад Ерөнхийлөгч Обама яриа хэлэлцээ хийгээд энэ гэрээнээс гараагүй юм бол гэдгийг мэдэхгүй” хэлжээ.

Дональд Трамп өөрийн шийдвэрээ тайлбарлахдаа “АНУ ийм төрлийн зэвсгийг хөгжүүлэх хэрэгтэй” гэж мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жон Болтон ОХУ-д хийх айлчлалынхаа үеэр Вашингтон гэрээнээс гарч байгааг дуулгахаар төлөвлөж буй юм байна.

Ойрын болон дунд зайны пуужинг устгах тухай хугацаагүй гэрээг АНУ, ЗХУ-тай 1987 онд байгуулсан байдаг. Тухайн үед энэ устгалд пуужингийн зэвсгийн бүхэл бүтэн ангилал, төрөл багтсан, өөрөөр хэлбэл 500-1000 километр, 1000-5500 километрийн алсын тусгалтай бүх пуужин багтсан. Ингээд 1991 онд талууд гэрээг бүрэн гүйцэд хэрэгжүүлж дууссан. Энэ гэрээний хүрээнд ЗХУ газрын байрлалтай 1752 ширхэг баллистик болон далавчит пуужин устгасан бол АНУ 859-ийг устгажээ.

Вашингтон анх удаа 2014 оны  долоодугаар сард Москваг гэрээний заалтыг зөрчсөн хэрэгт буруутгаж, тэр цагаас хойш нэг бус удаа үүнийгээ давтаж байгаа юм. Москва тэр бүгдэд гэрээний зүйл заалтыг бүрэн гүйцэд биелүүлж байгаа гэдгээ мэдэгдэхийн зэрэгцээ ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Оросын талд америкчуудаас гэрээний зарим нэг заалтын гүйцэтгэл дээр асуух, тодруулах зүйл бий” гэдгийг онцолдог. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дональд Трамп: АНУ ОХУ-тай байгуулсан ойрын болон дунд зайны пуужин устгах гэрээнээс гарна   
Үзсэн: 1161 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй