ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жон Болтонтой хийсэн уулзалт ажил хэрэгч, харилцан бие биенээ буруутгаагүй уур амьсгалд болж, АНУ-ын зүгээс Орос Улсыг сонгуулийн явцад оролцсон гэх асуудлыг төдийлөн их гүнзгий хөндөөгүй гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков хэллээ.
“Яриа хэлэлцээ ажил хэрэгч шинжтэй, нэлээд нухацтай, өөрөөр хэлэхийн бол сонирхол татсан нөхцөлд боллоо, юуны өмнө стратегийн тогтвортой байдал, зэвсэглэл хураах асуудал, зэвсэглэлд хяналт тавих асуудлыг хэлэлцсэн, үүнтэй уялдуулаад АНУ ойрын болон дунд зайны тусгалтай пуужин устгах гэрээнээс гарах болсон шалтгааныг хөндлөө” гэдгийг Ушаков хэлж байна. Мөн бүс нутгийн асуудал, үүний дотор Сирийн байдлыг нэлээд дэлгэрэнгүй ярьжээ. “Ерөнхийдөө энэ уулзалт талуудын хооронд харилцаа холбоог үргэлжлүүлэх чиг хандлагатай байлаа” гэдгийг ерөнхийлөгчийн туслах онцолсон байна.
Энэ бүгдээс үзэхэд Путин ч, Болтон ч тэр харилцан бие биенээ буруутгахаас татгалзаж, уулзалтыг хэвийн ажил хэрэгч уур амьсгалд явуулахыг зорьж үүндээ ч хүрсэн харагдаж байна. Нөгөөтэйгүүр Кремль Жон Болтон Москвад ирснийг Вашингтон харилцан яриаг цаашид дэмжихэд бэлэн байна гэдгээр хүлээн авч байна. Энэ уулзалтын нэг онцлох үйл явдал гэвэл ирэх сарын 11-нд Парис хотноо болох дэлхийн 1 дүгээр дайн дууссаны 100 жилийн ойн арга хэмжээний үеэр ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгчдийн уулзалт хийх урьдчилсан тохиролцоонд хүрсэн явдал юм. Путин, Трамп нарт баяр ёслолын арга хэмжээний дараа нүүр тулан уулзах боломж байгаа юм байна.
Уулзалтад хоёр талаас өргөн бүрэлдэхүүн оролцохгүй бөгөөд байх ёстой хүмүүс нь байх болно гэдгийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Ушаков хэлсэн байна. Путин Болтонтой хийсэн уулзалтын үеэр Вашингтон Оросын эсрэг хориг тавьсан ч гэлээ ОХУ, АНУ хооронд бараа эргэлт өсөн нэмэгдэж байгааг тэмдэглэлээ. “Та нарын хүч чармайлтыг үл харгалзан манай орон хооронд бараа эргэлт гайхалтайгаар өсөн нэмэгдэж байна, өнгөрсөн онд 16 хувиар өссөн бол энэ жил 8 хувь өсөөд байна, хэдийгээр энэ нь бага тоо боловч өсөн нэмэгдэж байгаа нь ихийг хэлж байна гэдгийг ерөнхийлөгч Путин онцолсон. Мөн түүний хэлснээр, харилцан хөрөнгө оруулалт ч гэсэн өсөж байна, ингэхдээ Америкийн эдийн засагт оруулж байгаа оросын хөрөнгө оруулалт оросын эдийн засагт оруулж байгаа Америкийн хөрөнгө оруулалтаас 2 дахин их байна.
| Путин, Болтон нар зэвсэглэлд хяналт тавих асуудалд гол анхаарлаа хандууллаа | ||
| Үзсэн: 1165 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.