Шууд Chart

Эрдоган: Хашоггийн аллагыг эртнээс сайтар төлөвлөсөн байсан...

2018-10-25 15:17:08

“Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггийг хороосон гэдгийг нотолсон, энэ гэмт хэргийг эртнээс сайтар төлөвлөсөн байсан гэж Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдлээ. Тэрбээр Туркийн парламентад хэргийн талаар үг хэлэхдээ ийнхүү мэдэгджээ. 

“Би Хашоггийг хороосон хэргийн талаар мэдээлэл хиймээр байна, энэ хүнийг хороосон гэдэг нь нотлогдсон, тэгээд ч энэ хэргийг эртнээс сайтар төлөвлөсөн нь тогтоогдсон, 10-р сарын 1-ний өдөр буюу Хашогги амь үрэгдэхээс нэг хоногийн өмнө Истамбулд Саудын Арабын иргэн болох 15 хүн гурван хэсэгт хуваагдаж ирсэн, тэд эхлээд консулын газраар орж, дараа нь байдлыг судлах маягаар Истанбул хотын захад байх Белградын ой болон Истанбул хотоос өмнө зүгт орших Ялова мужид очсон байна“ гэж ерөнхийлөгч хэллээ. “Истамбулд ирсэн Саудынхны дотор хүчний байгууллагынхан, тагнуулынхан, шүүхийн шинжээчид байсан” гэдгийг Эрдоган цохон тэмдэглэлээ.

Мөн түүний хэлснээр, сэтгүүлчийг хороосны дараа түүнтэй адил хувцас өмссөн нөхөр өөрийгөө Хашогги болгож консулын газраас гарч явсан, энэ хүн тэр өдрийн орой нь шууд Эр-Рияд ниссэн байна. Туркийн удирдагчийн хэлснээр, Хашоггийн амийг хороосон тэр өдөр Саудын Арабаас ирсэн нөхдүүд ерөнхий консулын газрын хяналтын камеруудыг ажилгүй болгосон бөгөөд сэтгүүлчийг хороох ажиллагааг 9  дүгээр сарын 28-наас төлөвлөж байсан байж болох талтай юм байна.

Истанбулд суугаа Саудын Арабын ерөнхий консул хэргийн ул мөрийг арилгаж, хэргийг төөрөгдүүлэх оролдлого хийсэн тул би Саудын Арабын вантай утсаар ярьж, энэ хүн энэ албанд тохирохгүй хүн байна гэдгийг дуулгамагц ерөнхий консулыг маргааш өдөр нь ажлаас нь чөлөөлж Эр-Рияд руу дуудсан, нөгөөтэйгүүр дипломат үйл ажиллагааны асуудлаарх Венийн конвенцод дипломат төлөөлөгчийн газрыг зориулалтын бус үйл хэрэгт ашиглахыг хориглодог, иймээс Саудын араб улс Венийн конвенцыг ноцтойгоор зөрчлөө“ гэж Туркийн ерөнхийлөгч мэдэгдлээ.

Тэрбээр цааш нь хэлсэн үгэндээ: “Саудын ван шударга гэдэгт би эргэлзэхгүй байна, гэхдээ энэ аллага хаана болсон бэ? гэдгийг мартах хэрэггүй, аллага Туркийн нутаг дэвсгэрт болсон, иймээс энэ хэрэгт холбогдуулан саатуулаад байгаа Саудын Арабын 18 иргэнийг шүүх хурлыг Турк Улсад хийхийг би шаардаж байна” гэлээ. Одоо гол асуудал Жамаль Хашоггийн цогцос хаачсан бэ? гэдэг асуулт байна. Энэ талаар зарим нэг мэдээлэл цацагдаж, цогцсыг Саудын Арабын ерөнхий консулын өргөөний траншейны нүхнээс оллоо гэх зүйл яригдаж байгаа ч үүнийг албан ёсоор нотолсон нэг ч зүйл алга байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эрдоган: Хашоггийн аллагыг эртнээс сайтар төлөвлөсөн байсан...  
Үзсэн: 625 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй