1998 ОНЫ ЭНЭ ӨДӨР АНУ-ЫН САНСРЫН НИСЭГЧ ЖОН ГЛЕНН 77 НАСАН ДЭЭРЭЭ ЗАДГАЙ САНСАРТ ГАРЧ БАЙЖЭЭ
1998 оны 10-р сарын 29-ний энэ өдөр АНУ-ын хамгийн өндөр настай сансрын нисэгч Жон Хершель Гленн 77 насан дээрээ задгай сансарт гарч байжээ. Тэрээр Америкийн сансрын нисэгчдийн хамгийн анхны багийн гишүүн төдийгүй Америкийн анхны сансрын нисэгчээр нэрлэгддэг юм. Харин 1962 онд тэрээр “Меркурий-6” нэртэй сансрын хөлгөөр дэлхий бөмбөрцгийг 4 цаг 55 минутын дотор 3 удаа тойрч байжээ. Түүнийг АНУ-ын Баатар хэмээн өргөмжилдөг юм.
Харин 1964 онд тэрээр сансрын багаас гарч улс төр, бизнесийн салбарт орсон байна. Түүнчлэн АНУ-ын сенатороор сонгогдон ажиллаж байжээ.

1958 ОНЫ ЭНЭ ӨДӨР “THE NEW YORKER” СЭТГҮҮЛИЙН ЕРӨНХИЙ РЕДАКТОР ДЕВИД РЕМНИК МЭНДЭЛЖЭЭ
1958 оны энэ өдөр “Дэ Нью Йоркер” сэтгүүлийн ерөнхий редактор Девид Ремник АНУ-ын Нью-Жерси мужийн Хакенсак хотод мэндэлжээ. Америкийн хэвлэл мэдээллийн салбарын сэтгүүлч, зохиолч, редактор тэрээр англи хэлээр ярихаас гадна орос хэлийг төгс эзэмшсэн нэгэн юм. 1994 онд “Лениний бунхан буюу Зөвлөлтийн эзэнт гүрний сүүлийн өдрүүд” нэртэй номоороо АНУ-ын хэвлэл мэдээллийн дээд шагнал болох “Пулитцерийн шагнал”-ын эзэн болж байсан юм байна.
Харин 2010 онд түүний гаргаж байсан АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн тухай “Гүүр” хэмээх намтар бүхий ном нь тухайн үеийн бэстселлерээр нэрлэгдэж байсан юм.

1945 ОНЫ ЭНЭ ӨДӨР НЬЮ-ЙОРКИЙН “ГИМБЭЛС” ДЭЛГҮҮРТ АНХ БӨӨРӨНХИЙ ХОШУУТ ҮЗГИЙГ ХУДАЛДААЛЖ ЭХЭЛЖЭЭ
1945 оны 10-р сарын 29-ний энэ өдөр Нью-Йорк хот дахь Гимбэлс нэртэй дэлгүүрт анх бөөрөнхий хошуутай үзэг худалдаалж эхэлжээ. Үүнээс өмнө нь энэ загварын хошуутай үзэг хэрэглэгддэг байсан боловч худалдаанд гараагүй байжээ. Анхандаа худалдан авагчид нээх ойшоолгүй өнгөрдөг байсан байна. харин борлуулалтын сурталчилгаандаа усан дотор ч бичиж болдог үзэг хэмээн танилцуулснаас хойш худалдан авагчдын тоо нэмэгдэж эхэлсэн байна. Тухайн үед нэг ширхэг нь 12 америк долларын үнэтэй байсан юм.
Харин тэр үед энэ үзэгний тасралтгүй тод гардаг чанар нь хүмүүсийн анхаарлыг ихээр татаж байсан тул бусад худалдааны байгууллага болон хувь хүн хэдэн мянган ширхгээр нь худалдаж авч байжээ.

1888 ОНЫ ЭНЭ ӨДӨР ХЯТАДЫН КОММУНИСТ НАМЫГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧДЫН НЭГ ЛИ ДАЖАО МЭНДЭЛЖЭЭ
1888 оны энэ өдөр Хятадын Коммунист намыг үүсгэн байгуулагчдын нэг Ли Дажао Хятадын Хэбэй мужийн Лэтин гэх газар тариалангийн аж ахуй эрхэлдэг гэр бүлд мэндэлжээ. Тэрээр 1913-1917 онд Японы Васэда их сургуульд улс төр, эдийн засгийн мэргэжлээр суралцан төгсөж, 1918 онд эх орондоо эргэн очжээ. Үүний дараагаар Бээжингийн их сургуульд профессороор ажилласан байна.
Харин 1921 онд Чэнь Дусютэй хамтран Хятадын Коммунист намыг байгуулсан юм. Мөн түүнийг хятадын анхны марксист болон коммунист үзэл санааг түгээн дэлгэрүүлэгч хэмээн үздэг юм.

| Энэ өдөр АНУ-ын сансрын нисэгч Жон Гленн 77 насан дээрээ задгай сансарт гарч байжээ | ||
| Үзсэн: 534 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.