Сүмд халдсан хэрэгт сэжиглэгдэж байгаа Роб Бауэрт 29 зүйл ангиар ял тулгаж байгааг АНУ-ын хууль зүйн яам мэдэгдлээ. Роб Бауэрт мөргөлийн үеэр галт зэвсэгтэй сүм рүү дайран орж, эмх замбараагүй гал нээсний улмаас 11 хүн амь үрэгдсэн харамсалтай хэрэг өнгөрсөн бямба гарагийн өглөө Питтсбург хотод гарсан.
АНУ-ын ерөнхий прокурор Жефф Сешнс, "Сэжигтэн этгээдэд цаазаар авах ялтай гэмт хэрэгт нь зэм тулгана" гэж мэдээлж байсан. Энэ дагуу Бауэрт галт зэвсэг хэрэглэн хүчирхийлэл үйлдсэн, шашин шүтлэгт тулгуурлан өшөө авах маягаар хууль зөрчих гэх зэм тулгаж байгаа бөгөөд энэ нь цаазаар авах ялтай юм байна. Энэ халдлага өнгөрсөн бямба гарагт сүсэгтнүүд өглөөний мөргөл үйлдэж байх үеэр болсон. Гэмт этгээд сүм рүү дайран орж, еврейн эсрэг лоозон хашгирч, эмх замбараагүй гал нээжээ.
Үүний дүнд 11 хүн амь үрэгдсэн. Цагдаа нар хэргийн газарт ирэхэд буудалцаан болсны дүнд 6 хүн, үүний дотор цагдаагийн 4 ажилтан шархаджээ. Халдагч этгээд 48 настай Роб Бауэр гэгч байсан бөгөөд тэрбээр хууль сахиулагчдад бууж өгсөн. Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжилж байгаагаар, Бауэр нацистуудыг болон Адольф Гитлерыг шүтэгч, ерөнхийлөгч Трампыг еврейчүүдэд толгойгоо мэдүүлсэн хэмээн буруутгаж, түүнийг үзэн яддаг болох нь тогтоогджээ.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ хэрэг явдал гарсны дараа мэдэгдэхдээ, "Цаазаар авах ялтай хуулийг чангатгах хэрэгтэй, гэм буруугүй хүмүүсийн аминд хүрч байгаа этгээдүүд үйлдсэн хэргийнхээ төлөө “өндөр төлөөс төлөх” ёстой" гэсэн байна.


| Еврейн сүмд халдсан этгээдэд 29 зүйл ангиар ял тулгаж байна | ||
| Үзсэн: 760 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.