Шууд Chart

Ховд аймгийн ХДТ өдгөө 81 дэх жилийн өвөл цагийн уран бүтээлийн нээлтээ хийлээ

2018-11-06 13:58:40

Олон угсаатны өлгий Ховд аймгийн Хөгжимт драмын театрын суурь нь “Улаан гэр”-ээс анхны галаа асаажээ. Тухайн үед театрчилсан клубын бүтцээр ажиллаж Ж.Буянтогтохын “Цөмийг хамтаар”, Ши Аюушийн зохиол “Хатан Долгор, харц Дамдин” жүжгүүдээр өвөл цагийн уран бүтээлийн нээлтээ хийж байсан түүхтэй.  Тэр цагаас хойш өдгөө 81 дэх жилийн Өвөл цагийн уран бүтээлийн нээлтээ хийлээ.

Ардын жүжигчин Төрийн Соёрхолт Ж.Чулууны нэрэмжит Ховд аймгийн Хөгжимт драмын театр нь Өнгөрсөн хугацаанд түүхэн болон дэлхийн, өөрийн орны сонгодог дуурь, бүжгэн жүжиг, драмын жүжгийн  200 гаруй бүтээл, 150 гаруй томоохон концерт туурвиж олон арван улсын болон бүсийн уралдаанд түрүүлж,шөвгөрсөн амжилттайгаар ажил үйлсээ үргэлжлүүлж байна. Тус хамт олон 2015 онд Гэгээн муза наадмаас Галданбошгот дуулалт жүжгээр гаранпри шагнал хүртсэн нь орон нутгийн театрын уран бүтээлчдийн чансааг тодотгосон амжил байсан. Тэгвэл энэ удаад Жангар дуулалт жүжгийг тайзнаа амилуулахаар бэлтгэлээ хангаж байна.

Ховд аймгийн Хөгжимт драмын театрын тайзнаас  5 Ардын жүжигчин, 15 гавъяат цолтон төрөн гарч, улсад алдар цолоо өргүүлсэн  ууган театрын нэг юм.  Ховдын театрт  ажиллаж байсан Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Мөрдорж, Д.Лувсаншарав, Жамъяандавга, Л.Ванган. Н.Цэгмид, Д.Мяасүрэн, Чойдог, Яасай, Б.Зангад, УГЖ С.Мэндээ, Д.Найдан, Д.Занданхүү, М.Хүүхээ, анхны дарга түүхийн ухааны доктор Д.Гонгор, АРдын зураач Л.Гаваа, Амгалан, Б.Норсонжав зэрэг дурдаад байвал дуусашгүй их авьяас билэгтнүүдийн ундаргатай. Тэгвэл өдгөө залуу уран бүтээлчид тэдний үйл хэргийг үргэлжлүүлж ажиллаж байгаад ахмад үеийнхэн, урлагийн салбарын нэрт төлөөлөгчид баяртай байна.

1970 онд Ховд аймгийн Хөгжимт драмын театрын амжилт бүтээлийг төр засаг үнэлж Ардын их хурлын тогтоолоор “Алтан гадас” одонгоор шагнаж байжээ. Улмаар 2009 онд энэ жил 90 жилийн ойн тохиож буй Монгол улсын Ардын жүжигчин Төрийн Соёрхолт Ж.Чулууны нэрэмжит болгосон байна. Ховд аймгийн хөгжимт драмын  театр одоо 65 хүний бүрэлдэхүүнтэй жилдээ 5-8 шинэ болон сэргээн тоглосон уран бүтээлээр урын сангаа баяжуулж ажиллаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ховд аймгийн ХДТ өдгөө 81 дэх жилийн өвөл цагийн уран бүтээлийн нээлтээ хийлээ  
Үзсэн: 1800 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй