Өнөөдөр олон улсын хэвлэлүүдийн онцолж анхаарлаа хандуулж байгаа гол үйл явдал бол АНУ-ын завсрын сонгуультай холбогдож байна. Юуны түрүүнд танилцуулахад Америкийн сонгогчид өнөөдөр Конгрессын 2 танхимын гишүүдийг, мөн мужуудын захирагчид, орон нутгийн хууль тогтоох байгууллагын гишүүдийг сонгож байна. Тодорхой харуулбал АНУ-ын Конгрессын дээд танхим 100 гишүүнтэйгээс 3 ний нэгийг нь буюу 35 сенатчийг энэ удаад сонгох ёстой байгаа. Дараагийн зураг дээрээс тодорхой харуулахад Конгрессийн төлөөлөгчдийн танхимын бүх 435 гишүүнийг сонгох ёстой байгаа. Түүнчлэн 39 муж газар нутгийн амбан захирагч, орон нутгуудын хууль тогтоох байгууллагын 6073 гишүүнийг бас сонгох ёстой байгаа юм.
Энэ удаагийн завсрын сонгуулийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааныхны хувьд онцгой хэмээн тодорхойлж байна. Бүр Трамп Ерөнхийлөгчийн бодлого үйл ажиллагааг дүгнэх ард нийтийн санал асуулга ч гэж тодорхойлж байна. Үүнийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ч Миссисипи мужид болсон сонгуулийн өмнөх арга хэмжээн дээрээ хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж байсан юм. Тиймээс ч тэрээр санал хураалтын өмнөх өдрүдэд Флорида, Жоржи, Миссури, Монтана, Теннесси, Баруун Вержин зэрэг бүгд найрамдах намын нэр дэвшигчдийн ялалт байгуулах магадлал бага байгаа мужуудад ажиллаж өнгөрсөн 2 жилийн хугацаанд төрийн тэргүүнээр ажиллахдаа гаргасан ололт амжилтуудаа танилцуулж байсан юм. Ингээд Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгч санал хураалт эхлэхээс өмнө Индиана мужийн Форт Вайнд болсон уулзалтан дээр "Бүгд Найрамдахчууд улс орны түүхэнд хамгийн шилдэгт тооцогдох эдийн засагтай болгож чадсан. Энэ нь манай агуу улсын түүхэн дэхь цорын ганц шилдэг эдийн засаг юм. Дэлхий дээр хөдөлмөрийн хамгийн халуухан зах зээлийг бий болгож чадсан. Гэхдээ бидний хүрсэн энэ амжилт нурах аюулд байна. Тэд бүтээн цогцлоосноос маань хурдтайгаар нурааж мэднэ. Гэхдээ ийм зүйл болно гэж би бодохгүй байна. Тиймээс санал өгөх бүхээгт орохдоо ер бусын хөгжил цэцэглэлтийг үргэлжлүүлэхийн тулд бүгд найрамдахчуудыг сонгох хэрэгтэй шүү" гэж мэдэгдэл хийсэн юм.
Завсрын сонгуулийн дүн Ерөнхийлөгч Трампын засаг захиргааныханд онцгой чухал. Хэрэв Ардчилсан намынхан Конгресст олонх болчихвол Бүгд Найрамдахчуудын санаачлагууд эцэс болно. Мөн Ерөнхийлөгч Трампын үйл ажиллагааг итгэл төгсөөр мөрдөн шалгаж импичментийн үйл явцыг ч эхлүүлэх боломжтой болно. Мөн Ардчилсан намынхан засгийн газрын гишүүдийн үйл ажиллагаанд хатуу хяналт тогтоох боломж бүрдэнэ.
Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд Оросууд хөндлөнгөөс нөлөөлсөн, Трамп Ерөнхийлөгчид ялалт байгуулахад дэм үзүүлсэн гэх хэргийг мөрдөн шалгаж бйгаа тусгай прокурор Мюллерийн байр суурийг бэхжүүлж түүнд халдашгүй бүрэн эрх олгох хуулийн төслийг ч батална гэж харж байна. Түүнчлэн Ерөнхийлөгч Трампын нэр холбогдсон татвараас зайлсхийсэн , бэлгийн дарамт учруулсан гэх хэргийг ч нарийн мөрдөн шалгахгүй гэх баталгаагүй болно гэж харж байна. Үүний зэрэгцээ Бүгд найрамдахчууд Конгресс дахь хяналтаа алдчихвал олонхийн одоо дэмжиж байгаа зарим нэг хуулийн төслийг эцэслэн батлах боломжоо алдана. Тухайлбал эрүүл мэндийн даатгалын Обамакэйр хөтөлбөрийг хүчингүй болгох Бүгд найрамдахчуудын хүчин чармайлт талаар болж мэдэхийг жишээ болгон сануулж байна. Гэхдээ Ардчилсан намынхан Конгресст олонх боллоо ч бас дангаар бодлогоо хэрэгжүүлэх боломж тэдэнд байхгүй. Дональд Трампын АНУ ын Ерөнхийлөгчөөр ажиллах бүрэн эрхийн хугацаа нь 2020 онд дуусгавар болох тул тэр хүртэл түүнд Ардчилсан намынхны санал болгосон хуулийн төслүүдэд хориг тавих эрх үлдэнэ гэсэн үг юм. Одоогоор Конгрессийн дээд танхим буюу сенатад Дональд Трампыг дэмжигч Бүгд найрамдах намынхан багахан хувийн илүүтэйгээр олонх байгаа юм. Тодруулбал сенатын 100 суудлын 51 ийг Бүгд найрамдах намынхан эзэлсэн байгаа бол 49 ийг нь Ардчилсан намынхан эзэлсэн байдаг. Ажиглагчдын урьдчилан дүгнэж байгаагаар сенатын 35 суудлын олонхийг сөрөг хүчин болох Ардчилсан намынхан авах магадлал өндөртэй байгаа юм. ХАрин Төлөөлөгчдийн буюу доод танхимд Бүгд найрамдахчууд олонх болох дүр зураг санал асуулгуудын дүнгээс харагдаж байна.
Гэхдээ Бүгд найрамдахчууд багахан суудлын илүүгээр л олонх болох урьдчилсан дүн харагдаж байна. Мөн сонгуулийн өмнө олон нийтийн дунд явуулж байсан санал асуулгын дүнгээр бол Сонгогчдын ирц энэ удаад өндөр гарахаар байна. Эн Би Си телесувгийн Вашингтон пост сонинтой хамтран явуулсан судалгаагаар сонгогчдпын 76 хувь нь саналаа өгөхөө илэрхийлсэн дүн гарч байсан юм.
Цагийн зөрүүнээс шалтгаалаад өнөөдөр УБ-ын цагаар 18 цагт Вермонт, Нью Иорк мужуудын санал авах байрууд хамгийн түрүүнд хаалгаа нээгээд байна. Харин хамгийн сүүлд маргааш УБ ын цагаар 12 цагт Хавай муж дахь санал авах хэсэг хороод хаалгаа барьснаар Завсрын сонгуулийн санал хураалт дуусах юм. Эхний үр дүнд манай цагаар маргааш өглөөний 7 цагаас Америкийн зүүн хойд мужуудаас гарч эхлэхээр байна.
| АНУ-д завсрын сонгуулийн санал хураалт болж байна | ||
| Үзсэн: 596 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.