Японы засгийн газар газар нутгийн маргааны асуудлаар Оростой хийж байгаа яриа хэлэлцээг хурдавчлахаар төлөвлөж, ирэх он гэхэд орон хооронд энэ асуудлаар завсрын тохиролцоонд хүрэхийг зорьж байна. Ерөнхий сайд Шинзо Абэ ирэх долоо хоногт Сингапурт болох Зүүн Өмнөд Азийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж, яриа хэлэлцээг эхлүүлэх санал тавихаар зэхэж байгаа бололтой.
Эндээс ирж байгаа мэдээгээр, Японы тал 1956 онд ЗХУ болон Япон хооронд байгуулсан хамтарсан тунхагт тусгасан зүйлийг, тодруулбал Москва "Орон хооронд энхийн гэрээ байгуулсны дараа Курилийн цуваа арлын өмнөд үзүүрийн Шикотан болон Хабомаи арлыг Японы талд сайн санааны үүднээс зүгээр өгнө" гэсэн зүйл заалтыг Оросын талд сануулж, бататгах бололтой юм.
Үүний дараа Японы тал Оростой яриа хэлэлцээг үргэлжлүүлж, Итуруп, Кунашир арлын асуудлыг шийдэхээр төлөвлөж байгаа юм байна. Ингэсний дараа Путин 2019 оны 6 дугаар сард их 20-ын уулзалтад оролцохоор Японд ирэх тул Токио 2019 онд Москватай арлын асуудлаар завсрын гэрээ байгуулахаар тооцож байгаа бололтой.
ОХУ-ын ерөнхийлөгч сая өнгөрсөн 9 дүгээр сард Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн чуулганы үеэр Япон улсад ямар нэг урьдчилсан нөхцөл болзолгүйгээр энхийн гэрээ байгуулахыг санал болгосон ч Японы тал үүнийг боломжгүй гэсэн хариу өгсөн. Хоёр орон хооронд энхийн гэрээ байгуулахад саад тотгор болж байгаа зүйл бол Курилийн цуваа арлын өмнөд үзүүрийн 4 арал хэнийх вэ? гэдэг маргаан. 1945 онд дэлхийн 2 дугаар дайн дууссаны дараа эдгээр арлыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд оруулсан, гэвч Япон улс эдгээр арлыг өөрийн хэмээн өнөөг хүртэл маргаж ирсэн.
| Япон улс Курилийн асуудлаар ОХУ-тай ирэх онд тохиролцохоор төлөвлөж байна | ||
| Үзсэн: 1105 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.