Өнөөдөр Парис хотноо дэлхийн 1 дүгээр дайн дууссаны 100 жилийн ойн дурсгалын арга хэмжээ болно. Арга хэмжээнд хэдэн арван төр, засгийн тэргүүн нар уригдан оролцож байна. Үдээс хойш Энх тайвны форум болох бөгөөд энэ форумыг Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон санаачилж, дэлхий ертөнцөд хурцадмал байдал өсөн нэмэгдэж байгаагийн илрэл болгон зохион байгуулах юм.
Дэлхийн 1 дүгээр дайн дууссаны 100 жилийн ойн ёслолын арга хэмжээ орон нутгийн цагаар өглөөний 11 цагт Парис хотын Ялалтын хаалганы дэргэд эхлэнэ. Арга хэмжээнд 70-аад орны төр, засгийн тэргүүн нар, олон улсын байгууллагын төлөөлөгчид, тодруулбал ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Германы канцлер Ангела Меркель, Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш, НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг, ЮНЕСКО-ийн ерөнхий захирал Одри Азуле нар оролцоно. Елисейн ордны хэвлэлийн албанаас тараасан жагсаалтаас үзэхэд Серби, Австри, Финланд, Гүрж, Латви, Эстонын ерөнхийлөгчид, Грек, Испани, Армян, Бельги, Чех, Нидерланд, Канадын ерөнхий сайд нар оролцоно.
Ялалтын хаалганы дэргэдэх ёслолын арга хэмжээ дууссаны дараа Парист уригдан ирсэн дэлхийн улс орнуудын удирдагчид Елисейн ордонд өдрийн зоог барина. Энэ үеэр Путин, Трамп нарын хооронд богино хэмжээний уулзалт болно гэсэн хүлээлт байна. Францын дотоод хэргийн сайд Кристоф Кастанерын хэлснээр, хууль сахиулах байгууллагын 10 мянга гаруй ажилтан Парис хотод аюулгүй байдал хангаж байна. 1914 оны 7 дугаар сарын 28-аас 1918 оны 11 дүгээр сарын 11-ний хооронд 4 жил гаруй үргэлжилсэн дэлхийн 1дүгээр дайн нь дэлхийн хэмжээний анхны цэргийн мөргөлдөөн байсан бөгөөд үүнд тухайн үед тусгаар тогтноод байсан 59 орны 38 нь татагдан орсон дайн юм. Хүн төрөлхтний түүхэнд анх удаа Еврази болон Африк гэсэн 2 тивийг хамарсан энэ дайн дэлхийн улс төрийн газрын зургийг үндсээр нь өөрчилж, хамгийн их цус асгаруулсан, асар өргөн цар хүрээтэй дайны нэг болсон. Дайн үргэлжилсэн 4 гаруй жилд 70 сая хүнийг цэрэгт татаж, эдгээрийн 10 сая гаруй нь амь үрэгдсэн. Хамгийн их хохирлыг буюу нийт хохирлын 67 хувийг Герман, Орос, Франц, Австри-Унгар улс амссан байдаг.
| Дэлхийн 1 дүгээр дайн дууссаны 100 жилийн ойн арга хэмжээ өнөөдөр болно | ||
| Үзсэн: 1156 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.