Израилийн Батлан хамгаалахын сайд Авигдор Либерман Газын зурваст гал зогсоох тухай шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлэн албан тушаалаасаа огцрох хүсэлтээ гаргасан байна. Израиль Палестины тал 2014 оноос хойших хамгийн хурц мөргөлдөөн гарсны дараа гал зогсоох гэрээг өнгөрсөн мягмар гаригт байгуулсан юм.
Харин Авигдор Либерман Хамас бүлэглэлийнхэнтэй яриа хэлэлцээ хийж эвлэрэхээр болсныг террорист халдлагад бууж өгсөн хэрэг боллоо хэмээн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна. Израилийн төр түр хугацааны энх амгаланг л худалдаж авлаа. Энэ нь үндэсний аюулгүй байдалд урт хугацаанд хор уршиг тарина хэмээн тэрээр анхааруулсан байна. Түүгээр ч зогсохгүй Авигдор Либерманы тэргүүлдэг Манай гэр Израиль нам Биньямин Нетаньяхугийн эвслийн засгийн газраас гарах болно хэмээн тэрээр зарласан юм.
Ийм алхам хийвэл Ерөнхий сайд Нетаньяху парламентад олонхийн дэмжлэгээ алдахад хүрэх юм. Мөн Манай гэр Израиль намын тэргүүн Либерман ээлжит бус сонгууль зарлахыг уриалсан байна. Харин Палестины Хамас бүлэглэлийнхэн Либерманыг Батлан хамгаалахын сайдын албан тушаалаасаа огцрохоор болсныг Газын зурвасынхны улс төрийн ялалт хэмээн тодорхойлж байна. Израилийн эрх баригчид Палестины дайчидтай эвлэрэлийн гэрээ байгуулснаа зарласан юм. Үүнээс өмнө буюу өнгөрсөн даваа мягмар гаригт Палестинчууд Израилийн нутаг дэвсгэр рүү нийтдээ 460 пуужин харвасан юм.
Харин Израилийн цэргийнхэн үүнийх нь хариуд Газын зурвас дахь 160 байд цохилт өгсөн юм. үүний уршгаар Израиль Палестины нийт 8 иргэн амь насаа алдсан юм. Либерманы тухайд тэрээр 2016 онд Израилийн батлан хамгаалахын сайдын албыг хаших болсон. Мөн Нетаньяху Ерөнхий сайдын өмнөх танхимд гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан юм.
| Израилийн Батлан хамгаалахын сайд албан тушаалаасаа огцрох хүсэлтээ гаргалаа | ||
| Үзсэн: 758 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.