Шууд Chart

Дональд Трамп энэ сарын 20-нд Жамаль Хашоггийн амийг хороосон этгээдүүдийн нэрийг зарлана

2018-11-18 18:00:00

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Саудын Арабын сэтгүүлчийн амь насыг хороосон этгээдүүдийн нэрийг энэ сарын 20-ны өдөр зарлахаа мэдэгдсэн байна. Тэрбээр энэ тухайгаа ойн түймэрт өртсөн Калифорнийн байдалтай танилцахаар тус мужийг зориход нь дагалдан явсан сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. 

Дональд Трампын мэдэгдсэнээр ирэх даваа гараг, эсвэл мягмар гарагт Туркийн Стамбул хот дахь Саудын Арабын Ерөнхий консулын газарт Саудын сэтгүүлч амиа алдсан хэргийн талаарх бүрэн тайлан хүлээн авах юм байна.

Энэ тайлан илтгэлд сэтгүүлч Жамаль Хашоггийн амь насыг хэн хороосныг ил болгох мэдээлэл, баримтууд багтсан байх юм байна. Мөн өчигдөр Ерөнхийлөгч Трамп АНУ-ын Тагнуулын төв газрын тэрргүүн Жин Хэспелтэй утсаар ярьсан байна. Энэ үеэр Саудын сэтгүүлчийн аминд хүрсэн хэргийг тойрсон нөхцөл байдлын талаар ярилцжээ. 

Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс мэдээлсэн ч ярианы агуулгыг тодруулж хэлээгүй байна. Харин үүний өмнө "Вашингтон пост" сонин АНУ-ын Тагнуулын төв газар Саудын Арабын угсаа залгамжлагч хунтайж Мухаммел Бен Сальман Аль Сауд сөрөг хүчний гэгддэг сэтгүүлчийг хороох тушаал өгсөн гэдэг дүгнэлтэд хүрсэн тухай нийтэлсэн байсан юм.

Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Саудын хунтайжийг энэ хэрэгт холбоогүйг мэдэгдэж, Саудын талаас олон тэрбумын хөрөнгө оруулалтыг Америкийн эдийн засагт хийж байгааг алдахыг хүсэхгүй байгаагаа ярьсан тухай ч нийтэлсэн байлаа.

Гэхдээ АНУ-ын эрх баригчид энэ сарын 15-ны өдөр Саудын Арабын 17 иргэний эсрэг хориг арга хэмжээ авах шийдвэр гаргасан. Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео "Энэ хэрэгт холбоотой бүх хүнд хариуцлага тооцох болно. Үүний тулд баримт нотолгоог цуглуулж байна" гэж мэдэгдсэн юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дональд Трамп энэ сарын 20-нд Жамаль Хашоггийн амийг хороосон этгээдүүдийн нэрийг зарлана   
Үзсэн: 718 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй