"Интерпол"-ийн шинэ тэргүүнээр ОХУ-ын Дотоод хэргийн яамны ажилтан байсан, одоо Олон улсын эрүүгийн цагдаагийн газрын дэд Ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа Александр Прокопчукийг сонгох магадлал өндөр байна. Энэ тухай Их Британийн "Таймс" онцлон бичсэнийг олон улсын хэвлэлүүд иш татан дамжуулж байна.
Саяханыг хүртэл "Интерпол"-ийг Хятадын төлөөлөгч болох Мэн Хунвэй тэргүүлж байсан юм. Гэвч эх орон руугаа явсан түүнийг Хятадад авлигын хэргээр сэжиглэн шалгаж байгаа тухай албан ёсоор мэдээлсэн. Эхлээд түүнийг ор сураггүй алга болсонд тооцож байсан бол удалгүй албан тушаалаасаа огцрох хүсэлтээ өөрөө гаргасан тухай мэдээлсэн юм.
Түүнийг ор сураггүй болсонтой нь холбогдуулан Францын прокуророос мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлээд байсан юм. Гэвч сураггүй болсон гэх үндэслэлгүй учир энэ хэргийг хаахаар шийдвэрлэснээ өнгөрсөн долоо хоногт Францын талаас албан ёсоор мэдэгдсэн. Харин түүний халааг авах өндөр магадлалтай хүнд тооцогдож байгаа Прокопчук сүүлийн хоёр жилийн туршид "Интерпол"-ийн дөрвөн дэд Ерөнхийлөгчийн нэгийнх нь албыг хашиж байгаа юм.
Үүнээс өмнө тэрбээр ОХУ-ын Дотоод хэргийн яаманд олон ажил ажилласан бөгөөд 2011 онд "Хурандаа генерал" цол хүртсэн юм. "Интерпол"-ийн шинэ тэргүүний сонгууль энэ сарын 21-нд болно. Одоогоор хоёр нэр дэвшигч байгаа ч тэдний нэрийг албан ёсоор зарлахгүй байна.
Гэхдээ Английн хэвлэлүүд нэг нэр дэвшигчийг нь Прокопчук хэмээн баталж байгаа бол нөгөө нэр дэвшигч нь "Интерпол"-ийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч хийж байгаа Өмнөд Солонгосын Ким Ионг хэмээн таамаглаж байна.
Үүний зэрэгцэ Өмнөд Африкийн төлөөлөгч нэрээ дэвшүүлэхээр төлөвлөж байгаа гэсэн баттай бус мэдээлэл байна. "Интерпол"-ийн тэргүүнийг сонгох санал хураалт тус байгууллагын Ерөнхий ассамблейн Дубайд болох чуулганы үеэр болж магадгүй байна. Энэ чуулганд бүх гишүүн орны төлөөлөгч оролцдог юм.
| Александр Прокопчукийг "Интерпол"-ийн тэргүүнээр сонгох магадлал өндөр байна | ||
| Үзсэн: 611 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.