Шууд Chart

Өнөөдөр Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна

2018-11-20 13:35:32

Өнөөдөр буюу 11-р сарын 20-ны энэ өдөр “Дэлхийн хүүхдийн өдөр” тохиож байна. Анх 1954 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хурлаар жил бүрийн энэ өдрийг тэмдэглэж байх тухай шийдвэр гаргаж, 1956 оноос албан ёсоор дэлхийн зарим улс оронд тэмдэглэж эхэлсэн байна. харин 1959 онд хүүхдийн эрхийн тунхгийг баталж, 1989 онд НҮБ-аас хүүхдийн эрхийн конвенцыг батлан гаргажээ.

1985 ОНЫ ЭНЭ ӨДӨР “MICROSOFT WINDOWS 1.0” ҮЙЛДЛИЙН СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЖЭЭ

1985 оны энэ өдөр Майкросоофт компани “Эм-эс Дөөс”-т зориулсан график шейл гэж нэрлэгддэг Виндөүс 1.0 нэртэй үйлдлийн системээ анх танилцуулж байжээ. Ингэснээр Виндөүс нь персонал компьютерийн зах зээлийг дангаар ноёрхож, дэлхийн улс орон дахь нийт компьютерийн 90 гаруй хувь нь тус Виндөүсийн үйлдлийн систем дээр тулгуурлан ажилладаг болсон байна. Үүнээс хойш Майкросоофтийн багийнхан олон зуун удаагийн техник технологийн шинэчлэлийг хийж, Виндөүс-8, Виндөүс-95, Виндөүс Экс-пи, хувилбаруудыг бүтээж зах зээлд нийлүүлсэн юм.

 1858 ОНЫ ЭНЭ ӨДӨР НОБЕЛИЙН АНХНЫ ЭМЭГТЭЙ ШАГНАЛТАН ШВЕДИЙН ЗОХИОЛЧ СЕЛЬМА ОТТИЛИЯ ЛОВИЗА ЛАГЕРЛЁФ МЭНДЭЛЖЭЭ

 Одоогоос 160 жилийн өмнө буюу 1858 оны 11-р сарын 20-ны энэ өдөр Нобелийн анхны эмэгтэй шагналтан, Шведийн зохиолч Се́льма Отти́лия Лови́за Ла́герлёф Шведийн лен Вермландийн Морбакка гэдэг газар мэндэлжээ. Тэрээр 1909 онд Уран зохиолын салбарт хийсэн амжилтаараа Нобелийн шагналыг хүртсэн анхны эмэгтэй хүнээр тодорсон юм. Түүний бүтээсэн олон зуун уран бүтээл нь Шведийн төдийгүй дэлхийн уран зохиол, хэл бичгийн салбарт нэгэн шинэлэг орон зай болж орж ирсэн хэмээн урлаг судлаачид үздэг юм.

1927 ОНЫ ЭНЭ ӨДӨР ЗХУ, ОХУ-ЫН НЭРТ ЖҮЖИГЧИН МИХАИЛ АЛЕКСАНДРОВИЧ УЛЬЯНОВ МЭНДЭЛЖЭЭ

1927 оны энэ өдөр ЗХУ-ын болон ОХУ-ын нэрт жүжигчин, кино төдийгүй театрын урлагын найруулагч Михаи́л Алекса́ндрович Улья́нов Оросын Сибирийн бүсийн Тарскийн тойргийн Муромцевскийн нутагт Бергамак гэх тосгонд мэндэлжээ. 1986 онд Социалист хөдөлмөрийн баатар, 1969 онд ЗХУ-ын Ардын жүжигчин, 1974 онд Польшийн соёлын гавьяат зүтгэлтэн нэрт жүжигчин Ульяновын бүтээсэн кино бүр орос даяар хамгийн их нэртэй, үзэгчийн таашаалд нийцсэн соён гэгээрүүлэгч уран бүтээлээр нэрлэгддэг юм байна. Манай улсын үзэгчид түүнийг “Ворошиловскийн мэргэн буудагч” уран сайхны кинонд дүр бүтээснээр нь илүү таних билээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өнөөдөр Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна  
Үзсэн: 761 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй