Шууд Chart

Дархан-Уул аймаг 2020 онд орчин үеийн цэвэрлэх байгууламжтай болно

2018-12-04 13:31:41

Дархан-Уул аймагт бохир усны менежментийг сайжруулах МОН 32-44/ 32-45 төсөл Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн барилга угсралтын ажил хийгдэж эхэлсэн.

Тус ажлын энэ оны гүйцэтгэл хоцрогдолтой, санхүүжилт саатаж байна гэсэн асуудал гарсны дагуу аймгийн удирдлагууд төслийн багийнхан, гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчидтэй уулзалт хийсэн байна. 2020 оны зургаа дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ажил хугацаанаасаа хоцрох эрсдэл үүсвэл аймгийн хэмжээнд дахин олон улсын төсөл хөтөлбөрт хамрагдах цаашлаад хотын цэвэрлэх байгууламж, иргэдийн бухимдлыг төрүүлэх зэрэг нэлээдгүй хүндрэлүүд гарах учраас ийнхүү өнөөдөр уулзалт хийсэн байна.

Дархан-Уул аймаг байгуулагдахад цэвэрлэх байгууламж нь хоногт 50 мянган кубметр бохир цэвэрлэх боломжтойгоор байгуулагдсан. Гэвч тухайн технологи хоцрогдсон, сэлбэг хэрэгсэл нь үйлдвэрлэгдэхээ больж эрчим хүч асар ихээр зарцуулдаг зэрэг нь өнөөгийн нөхцөлд ашиглах боломжгүй болжээ.

Иймээс бохир усны менежмент төслийг хэрэгжүүлж байгаа аж. Энэхүү төслийн ажил дуусаж ашиглалтад орвол аймгийн цэвэрлэх байгууламж нь хоногт 24 мянган метр куб бохир цэвэрлэж саарал ус гаргах боломжтой болох юм. Өнөөгийн Дарханы гаргаж байгаа бохирын хэмжээ нь хоногт 6 мянган метр куб орчим байдаг. Харин тус цэвэрлэх байгууламж нь ирээдүйд хүн ам нэмэгдэх үед ашиглах боломжтойгоор хийгдэж байгаа нь ач холбогдолтой ажээ. Цаашлаад тус байгууламжийг өргөтгөх ч боломжтойг төслийн багийнхан хэлж байсан юм.

Гүйцэтгэгч компанийн хувьд Азийн улс орнуудад жишиг болох цэвэрлэх байгууламжийг байгуулахаар зорьж байгаа гэдгээ ч уулзалтын үеэр онцолж байлаа. Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл цаашдаа хэвийн үргэлжилж 2020 онд хугацаандаа ашиглалтад орно гэдгийг талууд илэрхийлснээр өнөөдрийн уулзалт өндөрлөсөн юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дархан-Уул аймаг 2020 онд орчин үеийн цэвэрлэх байгууламжтай болно  
Үзсэн: 1004 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй