Дорноговь аймгийн хэмжээнд хууль бусаар ашигт малтмал олборлосны улмаас 416 цэгт 89,27 га газар эвдрэлд ороод байна. Цаашдаа эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, байгаль орчинд хал багатай бичил уурхайн сайн туршлагыг бий болгох зорилгоор бичил уурхай эрхлэгчдийн зөвлөгөөнийг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.
Өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн хэмжээнд Эрдэнэ суманд 10 нөхөрлөл, Айраг суманд 5 нөхөрлөл, Сайхандулаан суманд 1 нөхөрлөл 76,38 га газарт үйл ажиллагаа явуулж үүнд 145 иргэн бичил уурхай эрхэлж байна. Гол асуудал нь хууль бусаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааг таслан зогсоох, хууль дүрмийн дагуу бичил уурхай эрхлэх зөвшөөрлөө аваад нийгмийн даатгалын шимтгэлээ орон нутаг төлж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг сайтар мөрдөн ажиллаж байгаа бичил уурхай эрхлэгчдээ дэмжиж ажиллах талаар санал солилцлоо. Зөвлөгөөнийг Дорноговь аймгийн ЗДТГ-аас Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоотой хамтран зохион байгуулж аймгийн удирдлагууд, зарим сумдын Засаг дарга, байгаль орчны байцаагчид болон бичил уурхай эрхлэгч 60 гаруй иргэн оролцлоо.
Мөн зөвлөгөөний үеэр бичил уурхай эрхлэгчдийн талаар төрөөс баримталж байгаа бодлого, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч цаашид бичил уурхай эрхлэгчидтэй хэрхэн хамтран ажиллах тухай саналыг солилцсон юм.
Цаашид орон нутгийн зүгээс ашигт малтмал олборлох гэрээний үүргээ биелүүлээгүй бичил уурхай эрхлэгч этгээдэд хатуу хариуцлага тооцно. 2019 онд Аймгийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар болоод холбогдох хяналт шалгалтын байгууллагатай хамтран бичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагаатай өөрийн биеэр танилцаж, зөрчил дутагдлыг арилгуулах, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох болсон талаар энэ үеэр онцоллоо.
| Дорноговь аймгийн хэмжээнд 145 иргэн бичил уурхай эрхэлдэг | ||
| Үзсэн: 892 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.