Шууд Chart

Хезер Науэрт: Шинэ ажилдаа орохыг тэсэн ядан хүлээж байна

2018-12-09 11:45:59

АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Хезер Науэрт "НҮБ-д суух АНУ-ын байнгын төлөөлөгчийн ажилдаа орохыг тэсэн ядан хүлээж байгаа"-гаа мэдэгдлээ. Мөн тэрбээр Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеод дэмжлэг үзүүлсэнд нь талархаж байгаагаа илэрхийллээ.

“Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео таны багт багтаж ажиллах нь миний хувьд нэр хүндийн хэрэг төдийгүй тантай хамт миний туулж өнгөрүүлсэн зам АНУ дэлхийн тавцанд тэргүүлэх нь маш чухал гэдгийг илтгэн харуулж байна. Хэрвээ намайг энэ албан тушаалд батлах юм бол би Америкийн ард иргэдийн ашиг сонирхлыг тууштай урагшлуулах болно. Би шинэ ажилдаа орохыг тэсэн ядан хүлээж байна” гэж хатагтай Науэрт "твиттер" хуудсандаа бичжээ.

Хезер Науэрт НҮБ-д суух АНУ-ын байнгын төлөөлөгчөөр томилогдох тохиолдолд уламжлал ёсоор Засгийн газрын гишүүн болохгүй юм байна. Энэ бол Трампын засаг захиргаанаас гаргасан шийдвэр. Тэгээд ч Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео байнгын төлөөлөгчийг Засгийн газрын гишүүн байлгахыг эсэргүүцсэн билээ.

Науэрт 2017 оны дөрөвдүгээр сарын 24-нд Төрийн департаментын хэвлэлийн албыг тэргүүлж, 2018 оны гуравдугаар сарын 13-нд Төрийн нарийн бичгийн даргын Олон нийттэй харилцах орлогчийн үүрэгт ажлыг гүйцэтгэх болсон юм.

Харин Төрийн департаментад ирэхээсээ өмнө телевизийн “Фокс ньюс” сувгийн нэвтрүүлэгч байжээ. 2017 оны нэгдүгээр сараас хойш НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгчийн албыг хашиж байсан Никки Хейли аравдугаар сарын 9-ний өдөр огцорч байгаагаа мэдэгдсэн. Тэрбээр 2019 оны нэгдүгээр сард ажлаа өгнө.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хезер Науэрт: Шинэ ажилдаа орохыг тэсэн ядан хүлээж байна  
Үзсэн: 668 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй