Шууд Chart

Японы парламент гаднаас ажиллах хүч авахыг зөвшөөрлөө

2018-12-09 12:18:07

Японы парламент хуулиндаа өөрчлөлт оруулж, дайны дараах түүхэнд анх удаа улс орондоо гаднаас ажиллах хүч авахыг хориглосон хоригийг цуцаллаа. Энэ шинэчлэл ирэх оны дөрөвдүгээр сараас буюу улс оронд санхүүгийн шинэ жил эхлэх тэр үеэс хүчин төгөлдөр болох юм байна.

Япон улсад ажиллах энэ зөвшөөрлийг өндөр мэргэшсэн мэргэжилтнүүд, тухайлбал, эрдэм шинжилгээний ажилтнууд, багш нар, хөгжимчид, спортын дасгалжуулагчдад олгох аж. 

Биеийн хүчний хүнд хөдөлмөрт гаднаас ажиллах хүч авах нь Японд хориотой. Гэхдээ сүүлийн үед энэ талын хязгаарлалтыг сулруулах явдал ажиглагдаж байгаагийн нэг нь хөгжиж байгаа орнуудаас дадлагажигчдыг урин ирүүлэх болсон байдаг.

Харин одоо Японы Засгийн газар гаднаас ажиллах хүч татах шинэ систем боловсруулж, ажил хэрэг болгох гэж байна. Эдгээр хүмүүсийг ажиллах хүч маш их дутагдаж байгаа эдийн засгийн 14 салбарт ашиглахаар зэхэж байна.

Барилгын салбар, хөдөө аж ахуй, өвчтөн болон ахмад настнуудыг асрах, хөлөг онгоцны үйлдвэрт гадаадын ажиллах хүчнийг ашиглахаар болж байна. Япон хэлний хангалттай мэдлэгтэй гадныханд таван жил хүртэлх хугацаагаар виз олгох боловч тэдэнд Японд гэр бүлээ авчрахыг хориглох юм байна.

Илүү мэргэшсэн хүмүүст визээ хугацаа харгалзалгүй сунгахыг зөвшөөрөх бөгөөд байнга оршин суух виз хүртэл олгох боломжтой болж байна. Байнга оршин суух виз авсан хүмүүс гэр бүлээ авчрах эрхтэй болох аж. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы парламент гаднаас ажиллах хүч авахыг зөвшөөрлөө  
Үзсэн: 1240 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй