Персийн булангийн Арабын орнуудын дээд хэмжээний уулзалт өнөөдөр Эр-Рияд хотод эхэлж байна. Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн жил тутмын буюу 39 дэх удаагийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр Эр-Рияд хотод болно. Энэ удаагийн уулзалт нь бүтэн хагас жилийн өмнө нэг талаас Саудын Араб, Арабын нэгдсэн Эмирт улс, Бахрейн, Египет нөгөө талаас Катарын хооронд дипломат хямрал нүүрлэснээс хойш хоёр дахь удаагийн уулзалт болох юм. Энэ уулзалтад Катар улс ямар түвшинд оролцох нь маш их анхаарал татаж байна.
Хэдийгээр Саудын Араб болон Катар хооронд дипломат харилцааг тасалсан ч гэлээ Саудын ван Катарын эмир шейх Тамим бен Хамад аль Танид урилга явуулсан. Катар улс урилгыг хүлээн авах тохиолдолд Катарын удирдагч 2017 оноос хойш анх удаа өөрийх нь орныг ямар нэг хэлбэрээр хааж боож байгаа орнуудын удирдагчидтай нүүр тулан уулзах юм.
Одоогийн байдлаар Доха урилгад хариу өгөөгүй байгаа бөгөөд зарим хэвлэл мэдээлэлд өгүүлснээр Катарын ван ирэх нь юу л бол гэсэн эргэлзээ байна. Энэ бүгдээс Персийн булангийн хямрал тийм ч амар шийдэгдэхгүй нь харагдаж байна гэж шинжээчид үзэж байна.
Энэ удаагийн уулзалтад оролцогчид улс төр, батлан хамгаалах, эдийн засгийн салбар дахь хамтарсан үйл ажиллагааг хэлэлцэхээр төлөвлөжээ. Ялангуяа удирдагчид Сири, Йемен, Ливийн байдал, Палестиний асуудал, Ираны зүгээс ирж болох аюул занал гэсэн асуудлыг эн тэргүүнд хэлэлцэх нь илт байна.
Бүс нутгийн шинжээчдийн үзэж байгаагаар Эр-Риядын уулзалтаар Ойрхи Дорнодын стратегийн эвсэл буюу Арабын НАТО-г байгуулах асуудлыг хэлэлцэж магадгүй байна. 2017 оны зургаадугаар сарын 5-ны өдөр Саудын Араб, Арабын нэгдсэн Эмирт улс, Бахрейн, Египет гэсэн дөрвөн орон Катартай дипломат харилцаагаа таслаж, Дохаг терроризмыг дэмжсэн, өөрийх нь орны дотоод хэрэгт оролцсон хэрэгт буруутгаж, Катарын эсрэг эдийн засгийн хориг тавьсан. Харин Доха хөршүүдийнхээ зэмийг ор үндэсгүй гэдэг.

| Персийн булангийн Арабын орнуудын дээд хэмжээний уулзалт өнөөдөр эхэллээ | ||
| Үзсэн: 904 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.