Их Британийн Ерөнхий сайд өнөөдөр Парламентын доод танхимд болох ёстой байсан Брекситийн гэрээний төслийг дэмжих эсэх асуудлаарх санал хураалтыг хойшлуулах болсноо зарласан нь өнөөдөр олон улсад онцолж байгаа гол мэдээлэл болж байна. Үүнтэй холбоотойгоор сүүлд ирсэн мэдээллээр бол Парламентын өнөөдрийн чуулганаар ерөнхий сайдын энэ шийдвэрийн талаар шуурхай хэлэлцүүлэг явуулах болсон байна. энэ тухай Нийтийн танхимын тэргүүн Жон Беркоу мэдэгдсэн юм.
Уг нь урьдчилан товлосны дагуу парламентын гишүүд Ерөнхий сайд Тереза Мэй болон Европын Холбооны олон сарын яриа хэлэлцээний үр дүнд баталсан гэрээний төслийг дэмжих эсэхээ илэрхийлэх ёстой байсан юм. Их Британийн Ерөнхий сайд парламент дахь энэ санал хураалтыг хугацаагүйгээр хойшлуулахаар шийдвэрлэснээ өчигдөр орой зарласан юм. Тэрээр энэ санал хураалт болсон бол нийтийн танхимын гишүүдийн олонх эсрэг санал өгөх байсныг хүлээн зөвшөөрсөн юм.
Харин санал хураалтыг хойшлуулах болсон нь Европын Холбооны удирдлагатай шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг гэрээний төсөлд оруулах талаар тохиролцохын тулд Брюсселийг зорих болсонтой нь холбоотой хэмээн тайлбарласан байна. Гол нь Ирланд Умард Ирландын хилийн тухай асуудлыг зохицуулна гэдэг амлалтыг Брюсселиэс авч чадна гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Их Британийн засгийн газар Брюссельтэй 18 сарын туршид хэлэлцсэний эцэст Брекситийн гэрээний төслийг боловсруулсан. Энэ гэрээний төслийг Их Британийн засгийн газар эцэслэн баталсан төдийгүй Европын Холбооны дээд уулзалтад оролцогчид ч дэмжин батлаад байгаа юм.
Харин Их Британийн парламентын доод танхимын гишүүд гэрээний төслийг Ерөнхий сайдын хэлсэн шигээр өнөөдрийн санал хураалтаараа дэмжихгүйгээ илэрхийлбэл Тереза Мэйн танхим ахиад бүхнийг эхнээс нь эхлэх ёстой болох юм. Тодруулбал Их Британийн засгийн газар 21 хоногийн дотор Брекситийн шинэ гэрээний төслийг боловсруулах ёстой болох юм.
Гэхдээ нийтийн танхим дахь эхний санал хураалтаар дэмжихгүй байлаа ч дахин шинэчилсэн гэрээгээ өргөн барих боломж засгийн газарт байгаа юм байна.
| Тереза Мэй Парламент дахь “Брексит”-ийн гэрээний төслийг дэмжих эсэх санал хураалтыг хойшлууллаа | ||
| Үзсэн: 918 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.