Шууд Chart

Тереза Мэй Европын холбоотой яриа хэлэлцээ хийж эхэллээ

2018-12-13 12:24:47

Британийн ерөнхий сайд Тереза Мэй Брюссельд Германы канцлер Ангела Меркель, Нидерландын ерөнхий сайд Марк Рютте нартай уулзсаныхаа дараа: европын удирдагчид Нэгдсэн вант улсын бүрэлдэхүүнд багтдаг Умард Ирланд болон Ирландын бүгд найрамдах улс хооронд хуурай замын ганц л хил байх ёстой гэх асуудлыг шийдэхэд итгэл төгс байна гэдгийг мэдэгдлээ. Энэ асуудал Британийн парламентын хувьд асуудлыг зохицуулахад бул хар чулуу болж байгаа юм.

Өнөөдөр Тереза Мэй Европын холбооны удирдлага болох Дональд Туск болон Жан-Клод Юнкертэй уулзана. Энэ уулзалтаар тэрбээр европын удирдагчдаас хилийн хяналтын арга хэмжээний талаар баталгаа гаргуулахыг эрмэлзэх бөгөөд энэ баталгаа нь бас Британийн парламентын гишүүдийн сэтгэлд нийцэхүйц байх ёстой. Европын зөвлөлийн дарга Туск өөрийн “Твиттер” хуудсандаа бичихдээ: “Тереза Мэйтэй хийх яриа хэлэлцээ илэн далангүй байх ч сунжрах магадлал маш өндөр, европын холбооны гишүүн 27 орон түүнд туслахыг хүсэж байгаа ч хэрхэн гэдгээ сайн мэдэхгүй байна” гэжээ. Тэгвэл Ангела Меркель энэ талаар хийсэн мэдэгдэлдээ: “Британитай европын холбооноос гарах нөхцөлийн тохиролцоог өөрчлөх ямар ч боломжгүй, гэхдээ Ирландын хилийн асуудлыг шийдэх боломжтой, шийдэх ч ёстой” гэсэн.

Энд гол асуудал “бэкстоп” механизм буюу энэ асуудлаар удаан хугацааны тохиролцоонд хүрч чадахгүй тохиолдолд Ирландын хил дээр хүмүүсийг болон бараа товарт үзлэг хийхгүй байх хил гаалийн түр тохиролцоонд оршиж байна. Энэ механизмыг хэрэгжүүлснээр Умард Ирланд болон Нэгдсэн вант улсын зарим нэг районд хил гаалийн олон дүрэм журам гарах вий гэдгээс Тереза Мэйг эсэргүүцэгчид эмээж байна. Тэгэх зуур Консерватив намын парламентын зарим гишүүд ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт зохион байгуулахад хангалттай санал авч чадна гэдгээ мэдэгдэж байна. Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт боллоо гэж бодоход парламентын 158 гишүүний дэмжлэг авахад л Тереза Мэй албан тушаалдаа үлдэж, ойрын нэг жил энэ албан тушаалдаа ямар ч эргэлзээгүй байна гэсэн үг.

Харин байдал өөрөөр эргэж Мэй хатагтай дэмжлэг авч чадахгүй тохиолдолд тэрбээр намын даргаасаа буухын хажуугаар засгийн газрын тэргүүнээр үлдэх боломжгүй болно. Импичментээр санал хураалт боллоо гэхэд улс төрийн байр суурь нь ганхаж, сульдсан Тереза Мэй ерөнхий сайдын албан тушаалд үлдэж чадахгүй гэж ажиглагчид үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тереза Мэй Европын холбоотой яриа хэлэлцээ хийж эхэллээ  
Үзсэн: 643 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй