АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин БНХАУ-ын талтай хийж байгаа худалдааны хэлэлцээний дараагийн шат ирэх оны нэгдүгээр сард болохыг мэдэгдлээ. Тэрбээр "Блүүмберг"-т өгсөн ярилцлагынхаа үеэр ийнхүү мэдэгдсэн төдийгүй Хятадын эрх баригчдын төлөөлөгчидтэй хэд хэдэн удаа утсаар ярилцсанаа мэдэгдсэн байна.
Мөн АНУ-ын Сангийн сайд худалдааны өргөн хүрээтэй асуудлаар эвлэрэл байгуулах зөвшилцлийг Хятадын талтай хийж байгааг мэдэгджээ. Ирэх оны гуравдугаар сарын 1-нд импортын гаалийн татварын асуудлаарх эвлэрлийн хугацаа дуусах ёстой юм. Түүнээс өмнө гарын үсэг зурах баримт бичгүүдийн төсөл дээр хоёр тал ажиллаж байна.
АНУ, БНХАУ-ын удирдагчид "Их 20"-ийн дээд уулзалтын хүрээнд уулзахдаа худалдааны маргаанаа нааштайгаар шийдэх тохиролцоонд хүрсэн. Гэхдээ худалдааны шинэ гэрээ боловсруулж батлах 90 хоногийн хугацаа өгсөн нь ийнхүү ирэх гуравдугаар сарын эхний өдөр дуусахаар байгаа юм.
Өчигдөр АНУ, БНХАУ-ын сайд нарын орлогчид утсаар холбоо барьж худалдааны асуудлаа хэлэлцсэн байна. Хятадын худалдааны яамны албан ёсны сайтад энэ тухай нийтэлжээ. Өнгөрсөн зун АНУ БНХАУ-ын 50 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд 25 хувийн импортын гаалийн татвар ногдуулж эхэлсэн.
Мөн есдүгээр сарын сүүлчээр 200 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнүүдэд нь 10 хувийн татвар ногдуулах болсон. Харин шинэ он гарангуут татварын энэ хувь хэмжээгээ 25-д хүргэхээр төлөвлөж байсан юм.
| АНУ, БНХАУ-ын худалдааны яриа хэлэлцээний дараагийн шат ирэх нэгдүгээр сард болно | ||
| Үзсэн: 818 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.