Шууд Chart

ОХУ-ын Ерөнхийлөгчийн оролцох 14 дэх удаагийн хэвлэлийн хурал өнөөдөр болно

2018-12-20 15:45:47

ОХУ-ын төрийн тэргүүний оролцох "Большая пресс-конференция" буюу хэвлэлийн их хурал өнөөдөр Улаанбаатарын цагаар 17:00-д эхлэх гэж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч оны эцэст хэвлэлийн томоохон хурал хийж тухайн жилд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа дүгнэдэг уламжлал 2001 оноос эхтэй.

Владимир Путин анх ОХУ-ын Төрийн тэргүүнээр сонгогдсоныхоо дараа энэ хэвлэлийн хурлыг хийх санаачилга гаргасан юм. Удахгүй эхлэх энэ арга хэмжээ нь ОХУ-ын төрийн тэргүүний оролцох 14 дэх удаагийн хэвлэлийн хурал юм.

Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Ерөнхийлөгч Владимир Путины оролцох энэ арга хэмжээг шууд дамжуулан үзүүлдэг. Энэ удаад Оросын нэгдүгээр  суваг, "Россия 1", "Эн Т Ви"-гийнхэн хэвлэлийн хурлын шууд дамжуулалтад 3 цагийг зоосон байна.

Гэхдээ Ерөнхийлөгчийн энэ хэвлэлийн хурлын хугацаа тодорхой цаг байдаггүй. Ер нь хамгийн ихдээ 2008 онд 4 цаг 40 минут үргэлжилж Ерөнхийлөгч 106 асуултад хариулж байсан тохиолдол бий.

Харин энэ удаагийн хэвлэлийн хурлаар хөндөх асуудлуудын тухай Кремлиэс урьдчилан мэдэгджээ. Тодруулбал, Кремлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков энэ удаа Ерөнхийлөгч Владимир Путин эдийн засаг, ОХУ, АНУ-ын харилцаа, бүс нутгийн өмнө тулгамдаж буй асуудлуудтай холбоотой асуултуудад хариулахыг мэдэгдсэн.

Мөн энэ хуралд оролцож байгаа сэтгүүлч сурвалжлагчдын асуултад хариулахаасаа өмнө улс орны эдийн засаг, нийгмийн үзүүлэлтүүдийг нэгдсэн байдлаар танилцуулах юм байна. Өнгөрсөн оны 13 дахь удаагийн хуралд дотоод, гадаадын нийт 1640 сурвалжлагч оролцсон бол энэ жилийнхэд 1702 сэтгүүлч оролцох зөвшөөрөл авсан байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгчийн оролцох 14 дэх удаагийн хэвлэлийн хурал өнөөдөр болно   
Үзсэн: 925 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй