АНУ-ын Сенат 2019 оны хоёрдугаар сарын 8 хүртэл Засгийн газрын ажлыг түр сунгах тухай тогтоолын төслийг хэлэлцэлгүйгээр хуралдаанаа өндөрлөлөө. Америкийн Конгресс төсвөө хэлэлцэж чадаагүйгээс болж өчигдрөөс эхлэн Засгийн газрын зарим нэг яам, тамгын газар хэсэгчлэн ажлаа зогсоож байна.
Конгрессийн төлөөлөгчдийн танхим төслийг хэлэлцсэн. Энэ төсөлд Ерөнхийлөгч Дональд Трампын шаардсаны дагуу Мексиктэй залгаа хил дээр хана барих ажилд 5.7 тэрбум доллар суулгасан. Төслийг 217 гишүүн дэмжиж, 185 нь эсрэг санал өгсөн.
Гэвч Сенатад суугаа Ардчилсан намынхан "Хана барих ажилд ийм их хөрөнгө мөнгө зарах аливаа тогтоолын төсөлд хориг тавихаа мэдэгдэж, бидэнд хангалттай санал бий" гэдгээ анхааруулсан. Энэ маргаанаас болж Конгресс 10 дугаар сарын 1-нд эхэлсэн санхүүгийн 2019 оны төсвөө батлаагүй байгаа юм.
Төсвөө батлаагүй байгаа тохиолдолд Засгийн газрын дөрөвний нэг нь буюу Төрийн департамент, Сангийн яам, Худалдааны яам, Дотоод аюулгүй байдлын яам санхүүжилтгүй болж байна.
Харин бусад яамдын хувьд Конгресс 2019 оны есдүгээр сарын сүүлч хүртэл хөрөнгө мөнгө өгөхийг дэмжсэн байдаг. Ерөнхийлөгч Дональд Трамп "Хэрвээ Сенат төсвийг батлахгүй бол Америкийн засаг захиргаа ажлаа удаан хугацаагаар зогсооход бэлэн гэдгээ илэрхийлж байна. “Ийм зүйл болох эсэх нь Ардчилсан намынхнаас шалтгаална. Үйл ажиллагаа зогсож магадгүй. Тэгвэл үүний хариуцлагыг Ардчилсан намынхан үүрэх ёстой гэдгийг би дахин хэлмээр байна” гэлээ.
Засгийн газрын үйл ажиллагаа түр зогсох гэх хэллэг анх 1976 онд гарч ирсэн. Тэрнээс хойш АНУ-ын Засгийн газар 20 дахь удаагаа түр зогсолт хийж байгаа нь энэ юм байна.
| АНУ-ын Засгийн газар ажлаа хэсэгчлэн зогсоож байна | ||
| Үзсэн: 1006 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.