АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сириэс цэргээ гаргахаар шийдвэрлэсний дараа Афганистанд үүрэг гүйцэтгэж байгаа Америкийн цэргийн оролцоог хоёр дахин багасгах шийдвэр гаргасан тухай “The Wall Street Journal” сэтгүүл мэдээлж байна.
Америкийн засаг захиргаа одоогоор энэ мэдээллийг албан ёсоор нотлоогүй байгаа ч нэрээ хэлэхээс татгалзсан засаг захиргааны түшмэл энэ тухай мэдээлжээ.
Энэ хүний хэлж байгаагаар Афганистанд үүрэг гүйцэтгэж байгаа Америкийн 14 мянган цэргийн 7 мянга нь ойрын долоо хоногуудад эх орондоо эргэн ирэхээр болсон байна. Мөн телевизийн “Си-Эн-Эн” сувгийн мэдээлснээр Америкийн цэргийнхэнд Афганистанаас цэргээ гаргах тушаал өгчээ.
Цэрэг гаргах үйл явц багагүй хугацаа авна. Долоон мянган цэрэг гаргах ажил ирэх оны зун дуусна гэдгийг зарим эх сурвалж хэлж байна. Энэ бүгдээс үзэхэд дэлхийн халуун цэг дэх Америкийн цэргийн оролцооны талаарх "Цагаан ордон"-ы байр суурь өөрчлөгдөж байгаа бололтой. Гэтэл Америкийн засаг захиргааны зарим гишүүн Ерөнхийлөгчийн энэ үзэл бодолтой санал нийлэхгүй байх шиг байна.
Пентагоны тэргүүн Жеймс Мэттис Ерөнхийлөгч Дональд Трампад огцрох тухай өргөдлөө өглөө. Тэрбээр өргөдөлдөө "Ерөнхийлөгч өөртөө үзэл бодлоор ойр, шинэ Батлан хамгаалахын сайд эрж хайж болно" гэсэн бөгөөд Трамп өргөдлийг хүлээн авч, зөвшөөрсөн. Мэттис ирэх оны хоёрдугаар сард тэтгэвэртээ сууна.
Бүгд найрамдах намын Сенатын гишүүн Линдси Грэм Афганистанаас цэргээ гаргах шийдвэрийг есдүгээр сарын 11-нийг давтагдуулах алхам гэж байна. Дональд Трамп тэртээ 2011 онд АНУ Афганистаны цэргийн ажиллагаанд хэт их зардал гаргаж байгааг шүүмжилж байсан. Тэрбээр "твиттер" хуудсандаа "Бид хэзээ Афганистаныг өөрчлөн шинэчлэхэд мөнгө зарахаа зогсоох юм бэ. Бид эхлээд өөрийн орноо босгох хэрэгтэй байна шүү дээ” гэж бичиж байсан байгаа юм.
Сонгуулийн өмнөх кампанийн үеэр ч Трамп дараа нь 2017 онд, 2018 онд энэ дайныг эрс шүүмжилж, АНУ энэ дайнд ялагдсан гэж байсан. Гэвч Пентагоны тэргүүн тухайн үед Трампад цэргээ үлдээхийг ятгаж чадсан байдаг.
АНУ Афганистанд цэргийн ажиллагаа эхэлснээс хойш 2.4 мянган цэргээ алдаж, 17 жил үргэлжилж байгаа энэ ажиллагаанд 900 тэрбум доллар зарцуулаад байна. 2010 онд Афганистанд үүрэг гүйцэтгэх Америкийн цэргийн тоо оргил үедээ хүрч, тэнд 100 мянга гаруй Америкийн цэрэг байлаа.
Барак Обама Ерөнхийлөгчийн үед буюу 2015 онд Америкийн цэргийн тоо 10 мянга болж байсан юм.
| АНУ Афганистан дахь цэргийн оролцоогоо 2 дахин багасгах бодолтой байна | ||
| Үзсэн: 817 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.