Шууд Chart

Кубын парламент шинэ үндсэн хуулийн төслийг хэлэлцэж баталлаа

2018-12-24 13:52:03

Кубын нэг танхимтай парламент болох Үндэсний ассамблейн гишүүд шинэ Үндсэн хуулийн төслөө хэлэлцэж баталлаа. Одоо энэ хуулийн төслийг ард түмнээрээ хэлэлцүүлж бүх нийтийн санал хураалтыг ирэх оны 2-р сард явуулахаар төлөвлөж байна. Кубын ард иргэдтэй зөвлөлдөж ард иргэдийнхээ санал бодлыг тусгаж боловсруулсан шинэ Үндсэн хуулийн төслийг үндэсний ассамблейн 583 гишүүн дэмжсэн байна.

Парламент төслийг баталснаар шинэ Үндсэн хуулийг 2019 оны 2-р сарын 24-нд явуулахаар товлоод байгаа бүх нийтийн санал хураалтад оруулна. Шинэ Үндсэн хуулинд оруулахаар тусгасан өөрчлөлт дотор: хувийн өмчийг зөвшөөрөх, коммунизмын бүтээн байгуулалтаас татгалзах, ерөнхийлөгч болон ерөнхий сайдын албан тушаал бий болгох, төрийн дээд албан тушаалд байх эрхийг 5 жил нэг удаа улиран сонгогдож болох гэсэн өөрчлөлтүүд багтаж байна. Өөрөөр хэлбэл нэг хүний засаглал давамгайлж байсан 60 жилийн түүхийг төгсгөл болгож хамтын удирдлагын системийг нэвтрүүлж байна гэсэн үг юм.

Гэхдээ Коммунист нам нийгмийн амьдралд тэргүүлэх үүрэгтэй оролцох социалист хэв маягийн улс байх гэсэн зүйл заалт шинэ Үндсэн хуулинд хэвээр үлдэж байна. Үүний зэрэгцээ шинэ үндсэн хуульд заасны дагуу ерөнхийлөгчийн насны хязгаарыг 60 болгон тогтоож мөн, 2-оос дээш удаа сонгогдох эрхийг нь хязгаарласан байна. Куба улсад өнөөдрийг хүртэл дагаж мөрдөж байгаа Үндсэн хуулийг 1976 онд баталсан.

Харин тэр цагаас хойш улс орны бүтэц зохион байгуулалтад нийгэм-эдийн засгийн мэдэгдэхүйц их өөрчлөлт гарсан тул Үндсэн хуулиа өнөөгийн нөхцөл байдалд тохируулан шинээр боловсруулах зайлшгүй шаардлага бий болсон. Ингээд шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлыг 87 настай Рауль Кастро тэргүүтэй тусгай комисс гүйцэтгэсэн байна. Рауль Кастро өнгөрсөн 4-р сард төрийн тэргүүнээс буусан ч  Коммунист намын Төв хорооны 1-р нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Кубын парламент шинэ үндсэн хуулийн төслийг хэлэлцэж баталлаа   
Үзсэн: 1054 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй