Испанийн Каталони мужийн Барселон хотод аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээнүүдийг авч эхэлсэн байна. Энэ нь АНУ-ын Төрийн департаментаас Зул сарын баярын өдрүүдэд тус хотод террорист халдлага гарах аюул эрсдэл өндөр байгааг анхааруулсантай холбоотой юм.
Барселон хотын төв гудамжуудад цагдаагийнхан авто машинтайгаа харуул хамгаалалтад гарсан байна. Мөн жуулчид хүн ихээр очдог олон нийтийн газруудад цагдаагийн ажилтнууд хамгаалалтад гарчээ. Барселоны хууль сахиулагчид АНУ-ын талаас авсан аюул эрсдлийн тухай мэдээллийг мөн нарийн шалгаж сэжигтэй тохиолдол бүрийг мөрдөн шалгаж байгаагаа мэдэгдсэн байна.
Өнгөрсөн 2017 оны наймдугаар сарын 17-ны өдөр Барселоны Рамбла дүүрэгт ачааны бүхээгтэй авто машин явган хүмүүсийг дайрч 16 хүний аминд хүрч, 130 хүн шархадсан хэрэг гарч байсан юм.
Энэ халдлагын хариуцлагыг "Исламын улс" бүлэглэлийнхэн хүлээхээ мэдэгдэж байсан. Үүний дараа Каталонийн өмнөд нутагт Испанийн хүчний байгууллагынхан ийм халдлага дахин үйлдэхээр бэлтгэж байсан таван террористыг илрүүлж аюулгүй болгож байсан юм.
| Барселон хотод аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээ авчээ | ||
| Үзсэн: 785 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.