БНАСАУ-ын төрийн зөвлөлийн дарга Ким Жон Унтай дахин уулзахыг тэсэн ядан хүлээж байна гэж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. Тэрбээр өөрийн “Твиттер” хуудсандаа энэ тухай бичжээ. “Улс орон нь эдийн засгийн асар их чадамж, нөөцтэй гэдгийг маш сайн ойлгодог БНАСАУ-ын төрийн зөвлөлийн дарга Ким Жон Унтай дахин уулзахыг тэсэн ядан хүлээж байна” гэж Трамп бичжээ.
Өнгөрсөн оны 6-р сарын 12-нд Сингапурт АНУ болон БНАСАУ хоорондын анхны түүхэн уулзалт болж, уулзалтын дүнд Трамп, Ким Жон Ун нар хамтарсан мэдэгдэл хийсэн. Үүгээр Пхеньян Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс иж бүрэн ангижруулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн бол АНУ үүний хариуд БНАСАУ-д аюулгүй байдлын баталгаа өгөхөөр амласан. Гэвч Сингапурын дээд хэмжээний уулзалтын дүнгийн баримт бичигт талуудын энэ хүсэл эрмэлзлийг тодотгоогүй юм. Энэ үйл явдлаас хойш хоёр орны харилцаа холбоо мухардалд ороод байгааг хэлэх хэрэгтэй.
Энэ нь юутай холбоотой вэ? гэвэл яриа хэлэлцээний явцад Америкийн талаас гарсан нэмэлт шаардлагатай шууд холбоотой. Вашингтон цөмийн зэвсгээс татгалзах тал дээр эргэлт буцалтгүй алхам хийхийг Пхеньянаас шаардаж, цөмийн болон пуужингийн зэвсгийн чадамжийнхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг бас шаардаж байна. Гэтэл Пхеньян болохоор Солонгосын дайныг эцэс болгох энхийн гэрээ байгуулахыг шаардаж, гагцхүү ингэсний дараа цөмийн зэвсгээс ангижрах асуудлыг нэгд нэгэнгүй хэлэлцэхийг санал болгож байна. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ины хэлж байгаагаар, энхийн гэрээ байгуулах нь Америкийн талаас нэг ёсны улс төрийн дохио зангаа болох ёстой юм.
Гэвч АНУ үүнтэй санал нийлэхгүй байгаагийн дээр Пхеньян энхийн гэрээ байгуулсны дараа Солонгосын хойгоос Америкийн цэргийг гаргахыг шаардана гэж эргэлзэж байгаа билээ. Өмнөд Солонгост одоогоор Америкийн 28,5 мянган цэрэг байрлаж байна.
Гэхдээ гагцхүү Трамп, Ким Жон Ун нар дахин уулзсанаар яриа хэлэлцээнд харилцан буулт хийх боломж нэмэгдэж, яриа хэлэлцээ урагш ахих нөхцөлд бий болно, энэ нь “дипломатууд ярьж байх хооронд их буу чимээгүй байна” гэдэгтэй яг адил зүйл, яриа хэлэлцээ ямар ч амжилтад хүрэлгүй үргэлжиллээ ч гэсэн Солонгосын хойгт бий болсон намжмал байдал урт удаан үргэлжилнэ гэсэн үг гэдгийг шинжээчид хэлж байна.
| Трамп Ким Жон Унтай дахин уулзахыг хүлээж байна | ||
| Үзсэн: 781 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.