Шууд Chart

Тайванийн тусгаар тогтнол түүхийн явцтай зөрчилдөнө гэж Си Жиньпин мэдэгдлээ

2019-01-03 12:28:04

Тайванийн тусгаар тогтнолын үзэл бодол түүхийн явцтай зөрчилдөж, эцэстээ мухардалд оруулна гэж БНХАУ-ын дарга Си Жиньпин мэдэгдлээ. Түүний хэлснээр, Хятадууд Хятадуудтайгаа дайтадгүй, иймээс Тайванийг эх газрын Хятадтай эв зүйгээр нэгтгэх нь эх газрын Хятадууд төдийгүй Тайваний хоолойн цаадах эх орон нэгтнүүдийн эрх ашигт бүрэн нийцэх юм байна.

“Бид Хятад улсыг эв зүйгээр нэгтгэхийн тулд асар уудам орон зай бий болгоход бэлэн байгаа хэдий ч ямар нэг салан тусгаарлах үзэл суртлыг тэвчихгүй” гэдгийг БНХАУ-ын дарга цохон тэмдэглэлээ. Мөн тэрбээр: “Хятад улсыг нэгтгэх үйл явц хэний ч хууль ёсны эрх ашигт, тэр дотор Тайванийн эдийн засгийн эрх ашигт хохирол учруулахгүй” гэдгийг онцолсон байна. “Энэ үйл явц эсрэгээр Ази Номхон далайн бүс нутгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдалд түлхэц болоод зогсохгүй нэгдмэл хувь заяатай нийгэм бүтээн байгуулахад чухал хувь нэмэр болно” гэдгийг Си Жиньпин дарга хэллээ.

“Тайванийн асуудалд эв зүйгээр нэгдэх зарчмыг баримтлах нь зөв сонголт, тэгээд ч Тайванийн хоолойг нааш цааш гатлах нь бидний дотоод хэрэг, бид аливаа асуудлыг харилцан ярилцаж, зөвлөлдөж байж шийдэх ёстой, энэ асуудалд гадны оролцоо байх ёсгүй” гэдгийг Хятадын тэргүүн мэдэгдлээ. 1949 оны иргэний дайнд коммунистуудад ялагдсан Чан Кайши тэргүүтэй Гоминданы хүчин Тайван руу зугтсанаас хойш өнөөг хүртэл тус арлыг өөрийн гэсэн засаг захиргаа удирдаж байна. Бээжин Тайванийг хятадын нэг муж гэж үздэг.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тайванийн тусгаар тогтнол түүхийн явцтай зөрчилдөнө гэж Си Жиньпин мэдэгдлээ  
Үзсэн: 636 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй