АНУ болон БНАСАУ хоорондын яриа хэлэлцээ мухардалд ороод байгаа энэ цаг үед Америкийн засаг захиргаа Цагаан ордны тэргүүн Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын 2 дахь уулзалтыг хийж болох газрыг эрчимтэй сонгож эхлээд байна. “Си-Эн-Эн” телевиз энэ тухай уламжиллаа. Телевизийн мэдээлснээр, Трамп өнгөрсөн лхагва гарагт Ким Жон Унтай хийх түүний уулзалт тун удахгүй болно гэж мэдэгдэхээс өмнө уулзалтыг хийж болох газрыг сонгоод эхэлжээ.
Вашингтон энэ асуудалд: уулзалтыг Азийн аль нэг оронд хийсэн нь дээр байх болов уу? гэсэн Өмнөд Солонгосын төлөөлөгчидтэй санал солилцохгүйгээр шийдэх бололтой. Трамп, Ким Жон Ун нарын уулзалтыг Вьетнам, Индонез, Монгол, Гавайн арал, Умард болон Өмнөд Солонгосыг заагладаг цэрэггүй бүсэд хийх хувилбар яригдаж байгаа юм байна. Дээд хэмжээний уулзалт хийх асуудал дөнгөж эхний шатандаа яригдаж байгаа тул хэдэн сар ч үргэлжлэх магадлал өндөр байгаа юм байна. Цагаан ордон умардын төлөөлөгчидтэй холбогдож уулзах газраар Швейцар улсыг сонгож болох талаар ярьсан ч талууд Ким Жон Ун удирдагч тийшээ хэрхэн хүрч очих тал дээр тохиролцож чадаагүй юм байна. Ерөнхийлөгч Трамп сая дахин уулзах сэдвийг хөндөхдөө: Умардын удирдагчаас захиа хүлээн авсан, гайхалтай сайхан захиа байсан гэдгийг онцолсон. Энэ нь Умардын удирдагч орон хоорондын яриа хэлэлцээ мухардалд ормогц Сингапурын уулзалтаар юу ярьж тохирсныг АНУ-ын ерөнхийлөгчид сануулах үүднээс түүнд захиа илгээж байж болох талтай юм.
Трамп, Ким Жон Ун нар өнгөрсөн оны 6-р сарын 12-ны өдөр Сингапурт түүхэн уулзалт хийж, хамтарсан мэдэгдэл гаргасан. Үүгээр Пхеньян цөмийн зэвсгээс иж бүрэн татгалзахад бэлэн гэдгээ илэрхийлсэн бол АНУ үүний хариуд БНАСАУ-д аюулгүй байдлын баталгаа өгөхөөр амласан. Гэлээ ч гэсэн уулзалтын дүнгийн баримт бичигт талуудын хүлээсэн үүрэг амлалтыг тодотгоогүй юм.
| АНУ Трамп, Ким Жон Ун нарын хоёр дахь уулзалтыг хийх газрыг сонгож байна | ||
| Үзсэн: 781 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.