Калифорни муж улсаас сонгогдсон конгрессийн гишүүн, Трампын засаг захиргааг шүүмжлэгч, Ардчилсан намын ахмад зүтгэлтэн Нэнси Пелоси дахин АНУ-ын Конгрессийн төлөөлөгчдийн танхимын спикер боллоо. Энэ албан тушаал Вашингтонд ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийн дараагаар дээрээсээ гуравт ордог ийм албан тушаал юм. 431 гишүүний 220 нь Нэнси Пелосиг дэмжиж, 192 нь бүгд найрамдах намын гишүүн Кевин Маккартийн төлөө, бусад нь үлдсэн нэр дэвшигчдийг дэмжжээ.
Ийнхүү Нэнси Пелоси өнгөрсөн оны 11-р сарын завсарын сонгуулийн дараа шинээр сонгогдсон төлөөлөгчдийн танхимыг тэргүүлэхээр болж байна. Энэ сонгуулийн дүнд төлөөлөгчдийн танхимын 235 суудлыг ардчилсан намынхан, 199 суудлыг бүгд найрамдахчууд авч, ардчилсан нам олонхи болсон. Нэнси Пелоси анх 2007 оны 1-р сарын 4-ний өдөр Конгрессийн доод танхимын спикер болж, АНУ-ын түүхэнд энэ албан тушаалд очсон анхны эмэгтэй болсон юм. Мексиктэй залгаа хил дээр хана барих санхүүжилтээс болж засгийн газар ажиллах боломжгүй болсон энэ үед хатагтай Пелоси албан тушаалдаа орж байна.
Хэдийгээр 78 настай Нэнси Пелоси болон түүнийг дэмжигчид хана барих санхүүжилт гаргахгүйгээр засгийн газрын ажлыг бүрэн хэмжээгээр сэргээхийн төлөө байгаа ч бүгд найрамдахчууд Трампын зөвшөөрөлгүй, мөн хана барих санхүүжилтийг зөвшөөрөлгүйгээр ямар нэг баримт бичигт гарын үсэг зурахаас татгалзаж байна. Энэ юу гэсэн үг вэ? гэвэл талууд байр сууриа өөрчлөөгүй, харилцан зөвшилцөх асуудалгүй, өөрөөр хэлбэл засгийн газрын үйл ажиллагаа хурдан сэргэх найдлага тун бага байна гэсэн үг юм. Конгресс төсвөө баталж чадахгүйгээс болж Сангийн яам, Дотоод яам, Худалдааны яам, төрийн департамент ажил үүргээ бүрэн хэмжээнд гүйцэтгэж чадахгүй байгаагийн дээр цэцэрлэгт хүрээлэнгүүд, музейнүүд хүртэл үүд хаалгаа бариад байна. 800 мянга гаруй төрийн албан хаагчид цалингүй чөлөө аваад байна.
| Нэнси Пелоси дахин АНУ-ын Конгрессийн төлөөлөгчдийн танхимын спикер боллоо | ||
| Үзсэн: 1136 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.