АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын дараагийн гэж тодорхойлж байгаа дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах орныг 2 талын төлөөлөгчид сонгосон байна. Энэ тухай ерөнхийлөгч Трамп өчигдөр цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна. Мөн уулзалтыг хүлээн авах орныг удахгүй албан ёсоор зарлах гэж байна.
Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах 2 талын төлөөлөгчид Умард Солонгост яриа хэлэлцээ хийж дээд хэмжээний уулзалтыг хүлээн авах орныг сонгосон байна. БиБиСи-ийн мэдээлж байгаагаар дээд хэмжээний уулзалтыг Вьетнам, Индонез, Монгол, зэрэг БНАСАУ-ын элчин сайдын яамд байрладаг нутаг дэвсгэрт эсвэл Хавайн арал, Умард болон Өмнөд Солонгосыг заагладаг цэрэггүй бүсэд хийх хувилбар яригдаж байгаа юм байна. Өнгөрсөн 7 хоногт Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампд захидал илгээсэн.
Энэ захидалд Умардын удирдагч Цагаан ордны тэргүүнтэй ямар ч үед дахин уулзахад бэлэн байгаагаа илэрхийлж Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулан хоёр Солонгосын харилцааг сайжруулахаа дахин нотолсон юм. Мөн Вашингтоны тэргүүн ч удирдагч Ким Жон Ун-тай дараагийн уулзалтыг хийхэд бэлэн байгаагаа 2 тал харилцан илэрхийлсэн нь хэлэлцээ амжилттай бөгөөд ойрын ирээдүйд болох эерэг шинж тэмдэг гэж харагдаж байна гэж ажиглагчид ярьж байна.
Өмнөд Солонгосын хөх ордноос ч 2 талын удирдагчдын дараагийн дээд хэмжээний уулзалтын тухай ярьж байгаа асуудлыг Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох энх тайвныг тогтооход бодит үүрэг гүйцэтгэнэ гэж харж байгаагаа илэрхийлсэн байна. АНУ болон БНАСАУ хоорондын анхны дээд хэмжээний уулзалт өнгөрсөн 6-р сарын 12-нд Сингапурт болсон. Энэ уулзалтын дүнд Трамп Ким Жон Ун нар хамтарсан мэдэгдэл хийсэн. Үүгээр Пхеньян Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгоход бэлэн гэдгээ зарласан бол АНУ үүний хариуд нь БНАСАУ-д аюулгүй байдлын баталгаа өгөхөөр амласан. Гэхдээ Сингапурын уулзалтын дүнгийн баримт бичигт талуудын эцсийн зорилгыг тодорхой заагаагүй юм.
| АНУ болон БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтыг хүлээн авах орныг зарлана | ||
| Үзсэн: 909 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.