Өнгөрсөн сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын ерөнхий боловсролын 71 хүүхэд хоолны хордлогот халдвараар өвчилж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Аз болоход биеийн байдал нь ноцтойгоор хүндэрсэн хүүхдүүд байгаагүй бөгөөд бүх хүүхдийг эмнэлгээс гаргаж, эцэг эхчүүдэд нь хүлээлгэж өгсөн байна.
Лабораторийн шинжилгээгээр халдвар хамгааллын дэглэм ноцтой зөрчигдсөн нь хоолны хордлогот халдвар гарахад нөлөөлсөн нь тогтоогдож, ажлын хариуцлага алдсан 19 хүнд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцохоор болжээ. Уг асуудлаар аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Прокурорын газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл урлагийн газраас Баяннуур сумын болон сургуулийн удирдлага, холбогдох багш, ажилтнуудыг байлцуулан өргөтгөсөн хурал зохион байгуулж, лабораторийн шинжилгээний дүн болон шалгалтын дүнг танилцуулсан байна.
Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын зүгээс тус сумын сургуульд удаа дараа шалгалт хийж, илэрсэн зөрчил, дутагдлуудыг арилгах үүрэг даалгавар өгч байсан ч хугацаандаа биелүүлээгүй байна. Мэргэжлийн байгууллагаас өгсөн албан шаардлагын мөрөөр өөрсдийн боломжоороо зөрчил арилгах арга хэмжээ авсан ч төсөв мөнгө хүрэлцээгүйн улмаас зарим зүйлийг хийж чадаагүй гэдгийг сургуулийн захирал хэлж байна.
Хоолны хордлогын эрсдэл тус аймгийн бусад сургуулиудад ч гарч болзошгүй байгааг аймгийн Прокурорын газраас анхаарууллаа. Тийм учраас цаашид аймгийн хэмжээний бүх сургуулиудад төлөвлөгөөт бус шалгалт хийж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаа мэргэжлийн байгууллагууд илэрхийлээд байна.
| Хоолны хордлогот халдвар гарсантай холбогдуулан 19 албан тушаалтанд хариуцлага тооцно | ||
| Үзсэн: 618 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.