Шууд Chart

70 хувийн хөнгөлттэй үнээр 1000 өрхөд цахилгаан халаагуур олгоно

2019-01-09 13:11:27

Орхон аймгийн агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрлээ гэх яриа олон нийт, цахим сүлжээгээр шүүмжлэл дагуулах болсон. Холбогдох албаныхан ч агаарын бохирдол тодорхой хэмжээгээр бий гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ч, бууруулах арга  зам нь бүх нийтийн хичээл зүтгэлийн үр дүнд бий болох асуудал гэж онцолж байна.

Орхон аймгийн хэмжээнд агаарын чанарыг  азотын давхар исэл, угаарын хий, хүхэрлэг хий, тоос, тоосонцор гэсэн 4 үзүүлэлтээр хэмждэг. Өнөөдрийн байдлаар агаар дахь азотын давхар исэл агаар дахь зөвшөөрөгдөх агууламжаас 1,5 дахин, зарим тохиолдолд 1,8 дахин их, тоос тоосонцрын хувьд 2-2,5 дахин давсан гэж мэргэжлийнхэн хэлж байна. Аймаг орон нутгаас агаарын бохирдол, утааг бууруулах чиглэлд жил бүр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ч үр дүнд хүрэхгүй байна. Энэ онд 1000 цахилгаан халаагуурыг 70 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох ажилд нийт 240 гаруй сая төгрөг зарцуулах гэнэ.

Гэвч агаарын бохирдлыг бууруулахад зөвхөн төр захиргаанаас анхаарч ажиллахдаа биш, айл өрх, иргэн бүр анхаарал хандуулж, хичээсний үр дүнд буурах боломжтой гэнэ. Аймгаас утааг бууруулах чиглэлд цахилгаан халаагуурын үнэ тарифыг хөнгөлж байна. Харин айл өрх бүр дулаан алдагдалгүй байх нь чухал. Хамгийн сүүлд Баян-Өндөр сум, Байгал орчин аялал жуулчлалын газраас хамтран айл өрхүүдэд дулаан алдагдлын судалгаа хйихэд дийлэх айл өрх дулаан алдагдалтай. Үүний хирээр түлш их зарцуулсантай холбоотой утаа ялгарах, айл өрхүүдэд эдийн засгийн өртөг өндөр гарах шалтгаан болдог гэнэ.

Нөгөө талаас иргэд хандлагаа өөрчлөх шаардлагатай гэнэ. Учир нь өнгөрсөн жил 40 орчим айл өрхөд туршилт хэлбэрээр, үнэ төлбөргүйгээр цахилгаан халаагуур тавьсан. Гэтэл сарын дараа иргэд цахилгааны төлбөрөө төл гээд байгаль орчны газартаа хандсан байна. Угтаа төрийн дэмжлэгийг, иргэд үр ашигтай зарцуулж, тог цахилгааны хэмнэх, 2 тарифт тоолуур хэрэглэх, шаталт бага түлш сонгон хэрэглэх гэх мэтээр амьдрал ахуйн орчин, тоос, утааг бууруулахад өөрсдөө нийгмийн хариуцлага хүлээх шаардлагатай ч зөвхөн төрийн байгууллагын нуруун дээрх ачаа мэтээр харж байгаа нь ташаа ойлголт юм.  Тиймээс айл өрх, иргэн бүр утаа, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд сэтгэлээ зориулан, аль болох шаталт, утаа тортог бага түлш хэрэглэх, байр орон сууцаа дулаанд холбох зэрэг олон шийдлээс эерэг зөв сонголт хийхийг уриалж байна.

Дашрамд дурдахад аймаг орон нутгаас цахилгаан халаагуур хөнгөлөлттэй үнээр олгохоос гадна, шингэрүүлсэн шатдаг хийн халаагуурыг гэр хорооллын айл өрхүүдэд турших ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ нь урд өмнө нь хийгдэж байгаагүй туршилт гэдгээрээ онцлог гэнэ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

70 хувийн хөнгөлттэй үнээр 1000 өрхөд цахилгаан халаагуур олгоно  
Үзсэн: 637 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй