Шууд Chart

БНАСАУ-ын удирдагч Бээжинд аж үйлдвэрийн байгууллагуудаар зочилж байна

2019-01-09 14:44:10

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Хятадын дарга Си Жиньпиний урилгаар БНХАУ-д айлчилж байна. Тэрээр өчигдөр Хятадын даргатай хэлэлцээ хийсэн болов уу, харин өнөөдөр Бээжингийн аж үйлдвэрийн байгууламжуудаар зочилж байна гэж Өмнөд Солонгосын ЁНхап агентлаг мэдээлж байна.

Тэрээр өнөөдөр өглөө Бээжин хот дахь эдийн засаг технологийн хөгжлийн бүсэд байрладаг эмийн үйлдвэрт 30 гаруй минут саатсан байна. Ким Жон Ун БНХАУ-д дөрвөн өдрийн айлчлал хийнэ гэж хэвлэлүүд мэдээлж байгаа. Тэрээр өчигдөр өглөө Бээжинд тусгай галт тэргээр ирж, удалгүй Хятадын даргатай дээд хэмжээнд уулзсан. Уулзалтаар юу яригдсан нь одоогоор тодорхойгүй байна. Энэ бол Кимийн хувьд 2011онд төрийн эрхийг авснаасаа хойш Хятад улсад хийж буй 4дэх айлчлал. Энэ айлчлалын гол зорилго нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай хоёр дахь дээд хэмжээний уулзалтаа хийхийн өмнө гол холбоотон Хятадтай хэлэлцээнд орох стратеги боловсруулах, юу юун дээр зөвшилцөхөө зөвлөлдөхөд чиглэж байна.

Ким Жон Уны хувьд Бээжинтэй харилцаагаа бэхжүүлснээр Умард Солонгосын АНУ-тай хийх хэлэлцээнд дарах жин нөлөөг нэмэгдүүлнэ гэж ажиглагчид харж байна. Умардын удирдагч шинэ оны мэндчилгээндээ: хэрвээ АНУ дарамт шахалт, хориг арга хэмжээ тогтоох бодлогоосоо ухрахгүй бол Пхеньян шинэ зам сонгоно гэдгээ анхааруулсан. Гэхдээ АНУ-тай хэлэлцээ хийхэд хэзээд бэлэн байна, Ерөнхийлөгч Трамптай хэзээ ч уулзсан нээлттэй байгаа гэдгээ мэдэгдсэн юм. Өнгөрсөн онд Ким Жон Ун АНУ-ын ерөнхийлөгчтэй Сингапурт уулзахаасаа өмнө болон хойно БНХАУ-д нийт гурван удаа айлчилж, Хятадын даргатай 3 удаа хэлэлцээ хийсэн юм. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр Солонгосын хойгийн хямралыг намжаах, Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулахад Хятад улс гол тоглогч гэдгийг илэрхийлж байгаа юм.

Хятадтай уулзаж зөвлөлдсөний дараа Сингапурын уулзалтаар Умард Солонгос АНУ аюулгүй байдлын баталгаа өгвөл, хариуд нь цөмийн зэвсгээсээ ангижрахаар тохирсон. Гэвч Сингапурын уулзалтаас хойш Умард Солонгос хоригоо сулруулахыг шаардаж, Вашингтон Умард Солонгос цөмийн зэвсгээсээ бүрэн ангижирсан нөхцөлд л хоригийг цуцална гэсэн байр суурьтай байсаар өнөөдөр хэлэлцээний ирч суларсан, үйл явц мухардах тийшээ хандлаа гэж хэвлэлүүд мэдээлэх болсон. Одоо Трамп Ким нарын хоёр дахь уулзалт болох нь болно. Харин хэзээ хаана хийхээ хараахан тохироогүй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНАСАУ-ын удирдагч Бээжинд аж үйлдвэрийн байгууллагуудаар зочилж байна   
Үзсэн: 619 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй