АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Shutdown” гэж нэрлээд байгаа төсвийн хямралыг шийдэх төлөвлөгөө санал болголоо. Эндээс ирж байгаа мэдээгээр, Ардчилсан намынхан ерөнхийлөгчийн санал санаачлагыг няцаасан байна. Трампын төлөвлөгөөнд тусгаснаар, Конгресс улс орны хилийн аюулгүй байдалд зориулан 5,7 тэрбум доллар гаргана, үүний хариуд засгийн газар АНУ-д хууль бусаар оршин сууж байгаа зарим нэг цагаачдын статусыг сунгах юм байна.
Трамп цагаан ордонд хэлсэн үгэндээ, энэ яригдаад байгаа бетон болон ган төмөр “ханын” далайн нэг эргээс нөгөө эрэг хүртэл 3 мянга гаруй километр үргэлжлэх газар барихгүй, гагцхүү онцгой анхаарал татаж буй газарт барина гэдгийг тайлбарласан байна. Трампын хэлж байгаагаар, энэ онд л гэхэд ойролцоогоор 370 километр урт хана босгох юм байна. Үүнээс гадна ерөнхийлөгч хүмүүнлэгийн нэн яаралтай хөтөлбөрт зориулан 800 сая доллар, хил дээр хар тамхи илрүүлэх тоног төхөөрөмж суурилуулахад 805 сая доллар гаргахыг санал болголоо. Мөн 2 мянга 750 хилчин, цагаачлалын асуудал эрхлэх 700 шүүгч нэмж авахыг санал болгожээ.
Энэ төлөвлөгөөнд хууль бус цагаачдын хүүхдүүдийг хамгаалах арга хэмжээ, АНУ-д орогнох хүсэлтээ хилийн чанадад гаргах боломж, мөн ямар нэг шалтгаанаар хагацсан гэр бүлүүдийг нэгтгэх хөтөлбөр тусгагджээ. Үүн дээр нэмээд хүүхэд байхад нь АНУ-д хууль бусаар оруулаад ирсэн 700 мянган цагаачийг албадан гаргахаас хамгаалах тухай Барак Обамагийн үед баталж байсан хуулийн хугацааг 3 жил сунгах санаачлага бас яригдаж байна. Хэдийгээр ерөнхийлөгч Трамп буулт хийж байгаа ч Ардчилсан намынхан хилийн аюулгүй байдалд 5,7 тэрбум биш 1,3 тэрбум доллар гаргахад бэлэн гэдгээ илэрхийлсээр байна. АНУ-д төсөв батлагдаагүйгээс болж өнгөрсөн оны 12 дугаар сарын 22-ноос хойш 800 аад мянган ажилтантай 9 яам ажлаа түр зогсоосон, эдгээрийн 380 мянга нь цалингүй амралт авя, үлдсэн хүмүүс нь ойролцоогоор 26 хоног цалингүй ажиллаж байна.
| Трамп төсвийн хямралыг эцэслэх төлөвлөгөө санал болголоо | ||
| Үзсэн: 892 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.