“Шар хантаазнууд” гэх нэр аваад байгаа Францын эсэргүүцлийн хөдөлгөөн өнгөрсөн бямба гарагт улс орон даяар эсэргүүцлийн 10 дахь жагсаалаа зохион байгууллаа. Тус улсын Дотоод яамны авсан мэдээгээр, улс орон даяар 84 мянга гаруй хүн гудамж талбайд гарсан байгаа нь нэг долоо хоногийн өмнөхтэй адил тоо гэнэ.
Нийслэл Парис хотод 7 мянга гаруй хүн, Тулуз хотод 10 мянга, Бордо-д 4 мянга, Марсель хотод 2,5 мянган хүн эсэргүүцлийн жагсаалд оролцсон байна. Үүнээс гадна Авиньон, Дижон, Лилль, Лион, Нант, руан болон бусад хотуудад өөрчлөлт шинэчлэл хийх уриан дор эсэргүүцлийн ажиллагаа болжээ. Засгийн газар улс орон даяар жагсаалын үеэр аюулгүй байдал сахих үйл хэрэгт 80 мянга гаруй хууль сахиулагчдыг, үүний дотор Парис хотод 5 мянга гаруй цагдааг татсан байна.
Хэдийгээр эсэргүүцлийн жагсаал зөвшөөрөлтэй болсон гэж байгаа ч цагдаа болон жагсагчид хооронд мөргөлдөөн болж, цагдаа нар жагсагчдыг номхруулахын тулд нулимс асгаруулагч хий, ус шүршигч, резинэн сумтай буу хэрэглэхээс өөр аргагүй байдалд хүрчээ. Парис хотод 42 хүн саатуулсны 36-ааг нь хорьсон байна. Хэдийгээр ерөнхийлөгч Эммануэль Макроны санаачлагаар улс орон даяар эрх баригчид болон жагсагчид хооронд харилцан ярилцах үйл явц эхэлсэн ч гэлээ эсэргүүцэл үргэлжилж байгаа нь жагсагчдад эрх баригчдын зүгээс тавьж буй санал санаачлага таалагдахгүй байгааг харуулж байна. Засгийн газар харилцан ярилцах үйл явцын дүнд нийгэм-эдийн засгийн шинэ арга хэмжээ авч хэрэгжүүлэх болсноо зарлахаас нааш “шар хантаазнууд” эсэргүүцлээ зогсоохгүй гэдэг нь илт байна.
| Францад “шар хантаазнууд” эсэргүүцлийн 10 дахь жагсаалаа зохион байгууллаа | ||
| Үзсэн: 938 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.