Британийн ерөнхий сайд Тереза Мэй “брексит”-тэй холбоотой асуудлаар парламентыг мухардлаас гаргах, европын холбооноос гарах тогтоолын төслийн төлөө санал хураалгахыг ятгаж байгаа ч дахин бүх нийтийн санал хураалт явуулахыг няцаахын зэрэгцээ огцрох тухайгаа, мөн ээлжит бус сонгууль явуулах талаар юу ч дуугарсангүй. Тэрбээр өчигдөр парламентад үг хэлэхдээ: дахин бүх нийтийн санал хураалт явуулахгүй гэдэг үгийг хоёр ч удаа давтаж, өөрийнх нь засгийн газраас боловсруулсан Европын холбооноос гарах гэрээний төслийг дэмжсэн нь дээр гэдгийг мэдэгдлээ.
Өнгөрсөн долоо хоногт парламент Тереза Мэйн засгийн газраас боловсруулсан тогтоолын төслийг хэлэлцэж, олонхийн саналаар няцаасан. Ингээд парламент ерөнхий сайдад нэн яаралтай гэрээний шинэ төсөл боловсруулахыг санал болгосон ч энэ нь бараг бүтэхгүй асуудал юм. Яагаад вэ? гэвэл европын холбоо тогтоолын шинэ төсөл хэлэлцэх боломжгүй, одоо байгаа тогтоолыг эргэн харах аргагүй гэдгээ нэг бус удаа, хатуухан мэдэгдсэн. Британийн парламент тогтоолын шинэ төслийг ирэх 29-нд хэлэлцэхээр товлоод байгаа. Хэдийгээр хатагтай Мэй сая парламентад үг хэлэхдээ бүх намуудтай, дараа нь Брюссельтэй яриа хэлэлцээ хийнэ гэдгээ амлаж, асуудлыг шийдэх хэд хэдэн хувилбар бий гэсэн ч түүний үгэнд огцрох тухай, мөн санал хураалт дахин бүтэлгүйтэх тохиолдолд ээлжит бус сонгууль явуулах тухай асуудал огт дурьдагдаагүй. Мэйг огцруулах, ээлжит бус сонгууль явуулахыг сөрөг хүчний лейборист намын удирдагч Жереми Корбин уриалж байгаа.
Үүнээс гадна Тереза Мэйн санал болгосон “Б төлөвлөгөө” гэгчийг төлөвлөгөө гээд хэлэхэд үнэхээр хэцүү, энд европын холбоотой бий болсон мухардлаас гарах нэг ч арга зам, тодорхой алхам огт тусгагдаагүй. “3-р сарын 29-н хүртэл ердөө 68 хоног үлдээд байгаа бөгөөд энэ хугацаанд асуудлыг шийдэхгүй бол Их британи улсын хувьд гамшиг нүүрлэнэ” гэж Жереми Корбин мэдэгдсэн. Ямар ч байсан хатагтай Мэй дахин бүх нийтийн санал хураалт явуулахгүй, Их британи улсын европын холбооноос гарах хугацааг сунгахгүй, Умард Ирланд болон Бүгд найрамдах Ирланд улсын хилийн асуудлыг зохицуулсан, 30-аад жил үргэлжилсэн цуст мөргөлдөөнийг эцэслэсэн 1998 оны Белфастын гэрээг өөрчлөхгүй гэдгээ мэдэгдээд байна. Нэгдсэн вант улсыг өтгөн манан нөмөрч байна.
| Тереза Мэй дахин бүх нийтийн санал хураалт явуулахыг эсэргүүцлээ | ||
| Үзсэн: 1091 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.