Шууд Chart

Шинзо Абэ энхийн гэрээний асуудлаар Путинтэй илэн далангүй ярихаар төлөвлөжээ

2019-01-23 11:36:01

Японы ерөнхий сайд Шинзо Абэ өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй хийх яриа хэлэлцээгээр илэн далангүй байж, орон хооронд байгуулах энхийн гэрээний асуудалд ахиц гаргахын төлөө гэдгээ илэрхийллээ. Тэрбээр өчигдөр Москвад хүрэлцэн ирсэн.

“Би ерөнхийлөгч Путинтэй сэтгэлээ нээж, илэн далангүй ярихыг хүсэж байна, ингэж чадах юм бол энхийн гэрээний асуудлаарх яриа хэлэлцээг урагш ахиулах боломжтой болно” гэж японы ерөнхий сайд хэлж байна. Энэ бол Путин, Абэ нарын 25 дахь удаагийн уулзалт, өмнө нь хоёр удирдагч өнгөрсөн онд Аргентинд болсон “их 20”-ын дууд хэмжээний уулзалтаар, үүнээс хэд хоногийн өмнө Сингапурт болсон зүүн өмнөд Азийн орнуудын дээд хэмжээний уулзалтын хүрээнд уулзсан. Сингапурын уулзалтын дүнд хоёр удирдагч энхийн гэрээний асуудлаарх яриа хэлэлцээг идэвхжүүлэхээр тохирсон. Абэ Шинзо Орост айлчилсныхаа дараа дэлхийн эдийн засгийн чуулганд оролцохоор Давост очно. Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга ч гэсэн ерөнхий сайдын байр суурийг хуваалцаж, “Токио эхлээд нутаг дэвсгэрийн маргааныг шийдсэний дараа энхийн гэрээ байгуулах яриа хэлэлцээг тууштай үргэлжлүүлнэ“ гэлээ. Японы тал яриа хэлэлцээ ямар үр дүнд хүрэх талаар таамаг дэвшүүлэхээс болгоомжилж байна, мөн Орос улс Курилын цуваа арлын өмнөд хэсгийн арлууд Шикотан болон Хабомаи арлыг Японы талд шилжүүлсний дараа Орос улстай энхийн гэрээ байгуулна гэсэн мэдээлэлд тайлбар хийхээс татгалзаж байна.

Путин, Абэ нар өнгөрсөн оны 11-р сард Сингапурт уулзахдаа орон хооронд 1956 оны 10-р сарын 19-ний өдөр гарын үсэг зурсан хамтарсан тунхагт тулгуурлан энхийн гэрээ байгуулах ажлыг идэвхжүүлэхээр тохирсон. Энэ тунхагт орон хооронд дайны байдлыг эцэслэж, дипломат болон консулын түвшний харилцаа тогтоохоор тусгагдсан. Мөн зөвлөлтийн засгийн газар Шикотан болон Хабомаи арлыг орон хооронд энхийн гэрээ байгуулсны дараа Японы талд шилжүүлэхийг зөвшөөрсөн юм байна. 1956 оны 12-р сарын 8-ны өдөр хоёр орны парламент тунхгийг хэлэлцэж батламжилсан. Гэтэл Япон улс 1960 онд АНУ-тай аюулгүй байдлын гэрээ байгуулсны хариуд ЗХУ арлуудыг шилжүүлэх үүргээ цуцалжээ.

1960 оны 1-р сарын 27-ны өдрийн зөвлөлтийн засгийн газрын хуралдааны протоколд эдгээр арлуудыг Япон улс өөрийн нутаг дэвсгэрээс гадны орны цэргийг гаргасны дараа Японд шилжүүлнэ гэж тэмдэглэн үлдсэн байдаг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шинзо Абэ энхийн гэрээний асуудлаар Путинтэй илэн далангүй ярихаар төлөвлөжээ  
Үзсэн: 745 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй