Шууд Chart

АНУ, БНАСАУ-ын тагнуулын алба 2009 оноос хойш байнга холбоотой байжээ

2019-01-23 13:30:42

АНУ-ын Тагнуулын төв газар болон БНАСАУ-ын тагнуулын албаны ажилтнууд сүүлийн арваад жилд байнга харилцаа холбоотой байж, тогтмол зөвлөлдөж байсан тухай Америкийн “Уолл стрийт жорнэл” сонин мэдээлж байна. Сонины авсан мэдээгээр, харилцаа холбоотой байсан гэх мэдээллийг нууцалдаг байжээ.

Америкийн Тагнуулын төв газрын орлогч даргын алба хашиж байсан хүмүүс нэг бус удаа Пхеньянд очиж байсан байна. Тухайлбал Майкл Морелл 2012 онд хоёр удаа, Эврил Хейнс бас нэг бус удаа очиж байжээ. АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обамагийн засгийн эрх барьж байсан сүүлийн жилүүдэд харилцаа холбоог түр зогсоож, 2017 онд Майк Помпеог Тагнуулын төв газрын даргаар тавьсны дараа дахин сэргээсэн байна. Ер нь орон хооронд ийм холбоо байсныг үзэхэд Америкийн тал тагнуулын албаны төлөөлөгчдийн харилцаа холбоог дипломат шугамаархи холбооноос илүү үр дүнтэй, ашигтай гэж үзэж байсан байна. Мөн сонины мэдээлж байгаагаар, анхандаа дээрх холбоог ихэвчлэн Умард Солонгост саатуулагдсан америкчуудыг суллахад хийж байсан бол хожим Вашингтон үүнийг орон хоорондын хямралыг зохицуулах, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгоход ашиглах таатай талбар хэмээн үзсэн байдаг.

Сонины мэдээлж байгаагаар, нууц зөвлөлдөөн 2009 онд эхэлсэн, Америкийн талаас эхний шатанд Тагнуулын төв газар 20-иод жил ажилласан Жозеф Детрани гол үүрэг гүйцэтгэсэн, дараа нь 2012 онд энэ үүрэг Мореллд оногдож, дараа нь Хейнс үргэлжлүүлсэн. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдэлдээ: АНУ болон БНАСАУ-ын удирдагчдын ээлжит дээд хэмжээний уулзалт ирэх 2-р сарын сүүлээр болно гэдгийг дуулгасан, уулзалт болох газрыг ерөнхийлөгч Дональд Трампын Солонгосын Хөдөлмөрийн намын төв хорооны хэлтсийн дарга Ким Ён Чольтой уулзалтын дараа зарлана гэдгийг хэлсэн.

АНУ болон БНАСАУ-ын удирдагчдын анхны түүхэн уулзалт өнгөрсөн оны 6-р сарын 12-ны өдөр Сингапурт болсон. Энэ уулзалтын дүнд Трамп, Ким Жон Ун нар хамтарсан мэдэгдэл гаргасан. Пхеньян цөмийн зэвсгээс бүрэн гүйцэд ангижрахад бэлэн гэдгээ зарласан бол АНУ хариуд нь БНАСАУ-д аюулгүй байдлын баталгаа гаргахаар амласан.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, БНАСАУ-ын тагнуулын алба 2009 оноос хойш байнга холбоотой байжээ  
Үзсэн: 917 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй