ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Москва хотод Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй яриа хэлэлцээ хийлээ. Хоёр удирдагчийн уулзалт 3 цаг гаруй үргэлжилсэн байна. Хэдийгээр Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 2019 онд энхийн гэрээ болон Курилийн арлын асуудалд эргэлт гарна хэмээн бичиж байсан ч энэ талаар ямар нэг шинэ мэдэгдэл огт хийгдсэнгүй.
Сүүлийн хагас жилд Путин, Шинзо Абэ нар дөрөв дөх удаагаа уулзаж байгаа нь энэ юм. Энэ удаад Шинзо Абэ Давосын дэлхийн эдийн засгийн чуулганд оролцох замаараа Москвагаар дайрлаа. “Миний саналыг хүлээн авч, Швейцарт болох олон улсын арга хэмжээнд оролцох замаараа Москвад ирсэнд би талархаж байна” гэж Путин Шинзо Абэ-г угтаж авахдаа хэлсэн байна. Шинзо Абэ Москвад ирэхээсээ өмнө аавынхаа шарил дээр энхийн гэрээний асуудалд цэг тавина гэж амласан ч уулзалтын дүнгээс харахад асуудлыг урагш ахиулах дорвитой шийдвэрт хүрээгүй нь илт байна.
Оросын ерөнхийлөгч дүнгийн бага хурал дээр хэлэхдээ, “Бидний өмнө маш их ажил байна гэдгийг цохон тэмдэглэж, хоёр орны гадаад хэргийн сайд нар ямар үр дүнд хүрэхээс бүх зүйл хамаарна, мэдээж хэрэг энэ шийдвэр Оросын ч тэр, Японы ч тэр ард иргэдэд хүлээн авахуйц байх ёстой, эндээс гарах шийдвэрийг хоёр орны олон нийт дэмжих ёстой” гэдгийг мэдэгдсэн. Тэгвэл Шинзо Абэ өөрийн зүгээс: “хоёр орон хооронд дайн дууссанаас хойш өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа энэ асуудлыг шийдэх нь хялбар биш байх нь ойлгомжтой, гэхдээ бид үүнийг хийх ёстой” гэлээ. Хоёр удирдагч хоёр орны гадаад хэргийн сайд нарын ээлжит уулзалтыг ирэх 2 дугаар сард хийхээр тохирлоо.
Магадгүй сайд нарын энэ уулзалт тун удахгүй Германы Мюнхен хотноо болох аюулгүй байдлын асуудлаарх олон улсын бага хурлын хүрээнд болж болно гэдгийг Шинзо Абэ тодрууллаа. Үүнээс гадна талууд Өмнөд Курилийн арлууд дээр аж ахуйн хамтарсан үйл ажиллагаа явуулах хүч чармайлтаа үргэлжлүүлэхээр тохирлоо. Тухайлбал энд арлууд дээр хүлэмжийн аж ахуй байгуулах, сэргээгдэх эрчим хүчний бааз суурь байгуулах, аялал жуулчлал, хог боловсруулах үйлдвэр байгуулах асуудал яригдаж байна. Мэдээж хэрэг хоёр орон хооронд энхийн гэрээ байгуулах асуудал ганц нэг уулзалтын дүнд шийдэгдэхгүй, цаашид талууд хооронд олон удаагийн, урт удаан уулзалт, яриа хэлэлцээ хийгдэнэ гэдгийг Путин, Шинзо Абэ нар цохон тэмдэглэж байна.
| Путин: Орос улс Японтой 1956 оны тунхагт тулгуурлан энхийн гэрээ байгуулах сонирхолтой | ||
| Үзсэн: 608 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.