Шууд Chart

Ахены хамтын ажиллагааны гэрээнээс хэн юу хожив?

2019-01-24 09:31:25

Германы канцлер Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Ахен хотод хоёр талт хамтын ажиллагааны шинэ гэрээнд гарын үсэг зурлаа. Талуудын мэдэгдэж байгаагаар, энэ гэрээ Елисейн гэрээгээр суурь нь тавигдсан хоёр орны хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах юм байна. Елисейн гэрээ гэгчид Конрад Аденауэр, Шарль де Голль нар 1963 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Парис хотноо гарын үсэг зурсан билээ.

Тэгвэл “Ахены гэрээ” гэх нэр аваад байгаа энэ шинэ гэрээнд Берлин болон Парисын үзэж байгаагаар, XXI зуунд бий болсон шинэ төрлийн аюул заналаас урьдчилан сэргийлэх чухал нэмэлтүүд оржээ. Шинэ гэрээ гадаад бодлого, батлан хамгаалах, аюулгүй байдлын салбар дахь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүхэлд нь зохицуулах юм байна. Үүнээс гадна талууд Герман-Францын ашиг сонирхлыг илүү идэвхтэй урагш ахиулах, Герман болон Франц улсын өрсөлдөх чадамжийг бэхжүүлэх, хоёр орны иргэний нийгэм хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тохиролцоонд хүрлээ. Ангела Меркель Ахен хотод хэлсэн үгэндээ, “орон хооронд хамтын ажиллагааны шинэ гэрээнд гарын үсэг зурсан өдрийг Герман болон Франц улсын хувьд чухал өдөр” гээд, “Герман, Франц улс олон жилийн туршид хоорондоо дайтаж байсан ч гэлээ хоёр орны өнөөгийн энэ найрамдал дайнаас чухал гэдгийг цохон тэмдэглэсэн байна. 

Хатагтай Меркель 56 жилийн тэртээ Конрад Аденауэр, Шарль де Голль нар Елисейн гэрээнд гарын үсэг зурж байсан цаг үеийг өнөөгийн Европтой харьцуулшгүй гэдгийг дурдлаа. Тэгвэл ерөнхийлөгч Макрон үүний хариуд: хамтын ажиллагааны шинэ гэрээ байгуулсныг Франц, Герман улсын харилцаанд цоо шинэ хуудас нээгдэж байгаатай адилтгаж, “Энэ бол чухал гэрээ, манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд шинэ эриний эхлэл болсон гэрээ” гэлээ. Макроны хэлснээр, үзэл санааны нэгдэл, эв санааны нэгдэл болон нягтран нэгдэх байдал нь гэрээний гол зарчим юм байна. Хэдийгээр хоёр орны удирдагчид Ахены гэрээг хоёр орныг улам ойртуулсан, нягтруулсан гэрээ гэж байгаа ч Францын олон нийт гэрээг нэлээд эргэлзэнгүй байдлаар хүлээн авлаа. Жишээлбэл Францын парламентын хүндэт депутат Тьерри Марианийн хэлснээр8 “хүний үзэл бодлыг харгалзан үзэх, дагах нь биднийг эрх чөлөөтэй болгохгүй” гэлээ.

Ахмад депутатын хэлж байгаагаар, Герман улс энэ гэрээгээр ихийг авлаа, гэтэл Франц улс юу авав? гэвэл юу ч аваагүй гэнэ. Парламентын гишүүн Марин ле Пен шинэ гэрээ байгуулсантай холбогдуулан Үндсэн хуулийн зөвлөлийг нэн яаралтай хуралдуулахыг шаардаж, шинэ гэрээ Франц улсын Үндсэн хуульд огт нийцэхгүй байгааг мэдэгдлээ. Түүний үзэж байгаагаар, шинэ гэрээ Франц улсын тусгаар тогтнолд шууд халдаж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ахены хамтын ажиллагааны гэрээнээс хэн юу хожив?  
Үзсэн: 709 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй