Шууд Chart

“Шар хантаазтан” хөдөлгөөний жагсаалд 400 гаруй мянган хүн оролцжээ

2019-01-28 17:12:51

Францын Шар хантаазтан хөдөлгөөнийхөн өнгөрсөн амралтын өдрүүдэд эсэргүүцлийн 11 дэх удаагийн жагсаалаа орон даяар зохион байгууллаа. Энэ удаагийн жагсаалд улс орон даяар нийт 400 гаруй мянган хүн оролцлоо гэж шар хантаазтан хөдөлгөөний удирдагчид мэдэгдсэн бол Францын дотоод хэргийн яамнаас 70 гаруй мянган хүн оролцож үүнээс нийслэл Парис хотод 9 мянган хүн оролцлоо гэж мэдэгдсэн байна.

Энэ удаагийн жагсаалд оролцогчид, ерөнхийлөгч Эммануэль Макрон болон түүний засгийн газрыг огцрохыг шаардсан уриа лоозон барьж жагссанаас гадна цагдаа болон жагсагчдын хооронд бага хэмжээний мөргөлдөөн гарсан байна. Өмнөх амралтын өдрүүдэд болсон жагсаалд 80 гаруй мянган хүн оролцсон нь жагсагчдын тоо тогтмол эсэргүүцлийн жагсаал цуглаан намжих болоогүй гэдэг нь илт байгааг харуулж байна гэж шинжээчид харж байна.

Анх тус улсад бензин шатахууны үнэ нэмэгдэж байгааг эсэргүүцэж ард иргэд тэмцэж эхэлсэн бол одоо энэ хөдөлгөөн улс төрийн эсрэг жагсаал болж цар хүрээгээ тэлсээр байна. Өнгөрсөн 2018 оны 11-р сарын 17-нд анх эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл 2 сарын хугацаанд нийт энэ жагсаалын үеэр 10 хүн амиа алдаж 3 мянга гаруй хүн үүний дотор 2 мянган “шар хантаазнууд” хөдөлгөөнд оролцогчид мянга гаруй цагдаагийн алба хаагчид гэмтэж бэртсэн байна.

Хэдийгээр ерөнхийлөгч Эммануэль Макроны санаачлагаар улс орон даяар эрх баригчид болон жагсагчид хооронд харилцан ярилцах үйл явц эхлээд байгаа боловч жагсаал болсоор байгаа нь жагсагчдад эрх баригчдын зүгээс тавьж буй санал санаачлага таалагдахгүй байгааг харуулж байна. Засгийн газар харилцан ярилцах үйл явцын дүнд нийгэм-эдийн засгийн шинэ арга хэмжээ авч хэрэгжүүлэх болсноо зарлахаас нааш “шар хантаазнууд” эсэргүүцлээ зогсоохгүй гэдэг нь илт байна гэж хөндлөнгийн ажиглагчид үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Шар хантаазтан” хөдөлгөөний жагсаалд 400 гаруй мянган хүн оролцжээ   
Үзсэн: 784 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй