Шууд Chart

Г.Занданшатар: Эдийн засаг сайжрахын хэрээр зээлийн хүүг бууруулах, инфляц, валютын ханшийг тогтворжуулах боломж бүрдэнэ

2019-01-30 10:39:19

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатартай Засгийн газраас 2018 онд ямар асуудлыг шийдвэрлэв, тухайн шийдвэрүүд олон нийтийн амьдралд хэрхэн нөлөөлөх вэ сэдвийн хүрээнд ярилцлаа.

-Ярилцлагаа хамгийн сүүлийн үеийн шинэ мэдээллээс эхэлье. Иргэдийн дунд хийсэн түүвэр судалгаагаар олон нийт хамгийн их хүлээж байсан үйл явдлаар 2018 онд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн, Асгат болон Салхитын ордыг төр мэдэлдээ авсан асуудлыг нэрлэж байна. Энэ шийдвэрийн араас ямар арга хэмжээ авч, хэрэгжүүлж эхлэх вэ?

-Монгол Улсын Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 1-т “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”. 2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэсэн заалт бий. Монгол дэлхийд баялгийнхаа хэмжээгээр эхний аравт ордог. Гэтэл манай нэг аймгийн хэмжээний газар нутагтай, байгалийн баялаггүй Сингапур, Япон, БНСУ зэрэг орнууд үсрэнгүй хөгжөөд, ард түмнийх нь аж амьдрал сайжирч дэвшиж байхад газар дээрээ аялал жуулчлалын нөөц бололцоотой, газар доороо асар их баялагтай улс яагаад өрөнд ороод, ард иргэд нь ядуу амьдраад, нийслэл нь утаанд баригдаад, түгжрэл зогсоод байгаа юм бэ. Дэлхийн улсууд ч ажиглаж байгаа. Олон улсын туршлагыг харгалзан үзэхэд Норвегийн сан зэрэг дан улсын корпорацууд төр, ард түмний өмч болсон баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж, нэгдсэн том сантай болсон. Үүний заримыг нь барьцаалж мөнгө босгодог, заримыг нь эдийн засгийн эргэлтэд оруулснаар үр өгөөжөө өгөх юм. Үүний тод жишээ нь Тавантолгой. Тавантолгойг бид тавиад туух гэж байсан. Өнөөдөр Тавантолгой 720 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна. Ирээдүй санд төрд ногдох ашиг 365 тэрбум төгрөг очиход, энэ мөнгөөр бид өмнө нь тавьсан өрөө төлнө. Илүү гарсан хэсгийг хойч үедээ үлдээнэ. Ирээдүй өв сан гэдгийн агуулга нь ирээдүйд өв болгож хүүхдүүддээ үлдээж байгаа. Ийм маягаар эргэлтэд оруулж ашиглаж болно. Тавантолгойн улсад оруулж буй орлого нь их наяд давна. Өмнө нь Монгол Улс Эрдэнэт гэдэг ганцхан саалийн үнээтэй байсан бол өдгөө Тавантолгой гэдэг саалийн үнээтэй болж байна. Улсад төлж буй татварын хэмжээ бараг 500 тэрбум хүрсэн нь Эрдэнэтийг давж гарсан. Монголын номер нэг татвар төлөгч болж байна гэсэн үг.

Харин ард түмэнд өгөөжгүй, татвараа төлдөггүй, цөөхөн хэдэн хүний баяжих хэрэгсэл болдог, лицензээ ашигладаггүй, ашигласан ч татвараа төлдөггүй, байгаль орчинд халтай, холбогдох хуулиудыг зөрчвөл Ашигт малтмалын тухай хуулийн 11 заалтын дагуу лицензээ эргүүлж авна. Энэ нь улсын бүрэн эрх мэдэл, эдийн засаг хөгжлийн том бодлогын хүрээнд цаашид хийгдэх ажил.

-Засгийн газрын хуралдаанаар Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол” компанийн мэдэлд  шилжүүллээ. Энэ ордыг 20 гаруй жилийн өмнө Монгол Улс дангаараа ашиглах гэхээр боломжгүй байна, техник, эдийн засгийн нөхцөл нь маш их хөрөнгө шаардана, технологийн хувьд боломжгүй гэсэн шалтгаанаар хувийн хэвшилд лицензийг нь шилжүүлж байсан. Тэгвэл одоо төр эргүүлэн мэдэлдээ аваад эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэж байгаа юу?

-Өнөөдрийн техник технологийн дэвшил, улс төр эдийн засаг, олон улсын нөхцөл байдлыг 1993 оныхтой харьцуулахад шал ондоо болсон. Тэр үед бол хувийн хэвшилд шилжүүлээгүй. 1993 онд Засгийн газрын тогтоолоор Орос-Монголын хамтарсан Монросцеветментэд лицензийг нь шилжүүлсэн. 1973 онд тухайн үеийн ханшаар 28 сая төгрөгөөр хайгуул хийгдэж, нөөц нь тогтоогдсон орд. 1993 оны зэсийн ханш өнөөдөр гурав дахин өссөн. Тухайн үед 8.5 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхнө гэсэн техник, эдийн засгийн үндэслэл хийгдэж байсан юм билээ. Тэр үеэс хойш зэсийн үнэ өссөн. Технологийн дэвшил хөгжихийн хэрээр үнэ нь буурсан болохоор ашиглах нөхцөл бүрдэж байгаа. Хоёрдугаарт, тухайн үед үйлдвэр байгуулахад заавал хил давдаг байсан. Улсын төсвөөс тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийснээр өнөөдөр хил давахгүй, гүүрээр Асгатын мөнгөний орд руу очдог болсон. Өмнө нь хоёр улсын хил дамнаж байсан учир хамтарч ажиллахад илүү үр ашигтай, цаана нь Оросын талын үйлдвэрүүд байгаа учир боломжтой гэж үзээд тэдний талтай хамтарч байсан боловч УИХ тухайн үед нь хүчингүй болгосон. Тэгэхээр одоо шинэлэг хэлбэрээр ямар нэг байдлаар эдийн засгийн эргэлтэд оруулах бололцоотой.

-Засгийн газар 2019 онд уул уурхайн салбарт ямар бодлого баримтлах вэ. Та гадны хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлыг ахалж байгаагийн хувьд гадны хөрөнгө оруулагчид, уул уурхайн салбарт баримтлах бодлоготой холбоотой ямар ажлыг эхэнд тавьж байна?

-Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын индекс буюу олон улсын хөрөнгө оруулалтын үзүүлэлт бий. Энэ индексээр манайх олон улсад нэр хүндгүй болж буй хамгийн гол асуудал нь лицензийн ил тод бус байдал, хууль, шүүх засаглал нь тодорхой бус. Энэ асуудлуудаа сайжруулах Ашигт малтмалын хуулиа тодорхой болгох хэрэгтэйг, лиценз олголтыг ширээн доогуур ил тод бус байдлаар худалддаг асуудлыг хөрөнгө оруулагчид шүүмжилдэг. Түүнээс хуулиа дагаж мөрдөх, татвараа төлөх ёстой зарчмыг барууны, олон улсын стандартын компаниуд хүлээн зөвшөөрдөг.

-Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай ямар түвшний яриа, хэлцэл хийж байгаа вэ. Хамгийн сүүлд цахилгаан станцын байршлаа тодорхой болгосон. Үүнээс гадна Монголын талын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх, хугацааг наашлуулж, зээлийг хүүг бууруулах хэд хэдэн асуудлыг хөндсөн. Дээрх ажлууд ямар шатанд явж байна?

-ЗГХЭГ-аас Оюутолгойн хөрөнгө оруулалтыг үр ашигтай болгох зорилготой гурван дэд ажлын хэсэгтэй ажлыг хэсгийг ахалж ажиллаж байгаа. Ногдол ашиг авах хугацаагаа наашлуулах, үр өгөөжийг нь илүү хурдан хугацаанд хүртэхээр ажиллаж байна гэж хэлж болно. Энэ ажлын хүрээнд нэгдүгээрт, зээлийн хүүг бууруулах асуудал байгаа. Монголын талын 34 хувь хүүтэй зээлээр санхүүжиж байгаа. Тиймээс хүүг бууруулснаар Монголын үр ашиг тэр хэмжээгээр нэмэгдэнэ. Хоёрдугаарт, татварын маргааны асуудал бий. Гуравдугаарт, цахилгаан станц, эрчим хүчний асуудал. Эрчим хүч импортлоход 200 орчим сая долларыг гадагшаа төлж байна. Хэрвээ дотооддоо цахилгаан станц байгуулвал энэ мөнгө Монголд үлдэнэ. Ийм гурван чиглэлээр хэлэлцээ хийж, эхний ээлжинд Монголд цахилгаан станц барих шийдэл гаргаж тохирсон. Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ээ өнгөрсөн онд дуусгасан. Энэ оны эхний хоёр сард усны, байгаль орчны бүх судалгааг хийж дуусгаад энэ жилдээ багтааж станцын барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Харин зээлийн хүүг бууруулах асуудлаар хараахан тохиролцоонд хүрээгүй. Шаардлага тавьсан. Татвар дээр Дубайн гэрээтэй холбоотой асуудал хөндөгдөж байгаа. Тиймээс Арбитр болон шүүхийн маргаан үүсэх магадлалтай. Гэхдээ Оюутолгойгоос эхний ээлжийн төлбөр төлсөн. Энэ 2015 онд тавьсан татварын акт боловч албан ёсоор дэлгээгүй байсан юм билээ. Ажлын хэсэг судалж үзээд татварын акт тавигдсан. Татварын зарим хувийг төлсөн үлдсэн хувь дээр яриа хэлцэл явагдаж байна.

-Стратегийн 16 ордоос зөвхөн Тавантолгой иргэдэд ногдол ашиг, хувь хүртээхээр болсон. Бусад ордоос иргэд хувь хүртэх боломж бий юу. Ашигт малтмалын тухай хуулиар стратегийн ордын арав хүртэлх хувийг иргэдэд ногдол ашиг байдлаар хуваарилах эрх зүйн орчин бий. Үүнийг яагаад хэрэгжүүлэхгүй байна?

-Стратегийн орд газрын хувьцааны арваас доошгүй хувийг ард иргэдэд эзэмшүүлнэ гэсэн заалт Ашигт малтмалын тухай хуульд бий. Эрдэнэтийн 10 хүртэлх хувийг ард иргэдэд эзэмшүүлээч гэсэн чиглэл өгсөн. Тус үйлдвэрийн удирдлагууд энэ тал дээр ажиллаж байгаа. Тавантолгой 1072 хувьцаа хэлбэрээр иргэдэд очсон. Бусад 14 орд төрийн мэдэлд, эдийн засгийн эргэлтэд ороогүй байна. Энэ 16 ордод Асгат орсон байгаа. Энэ ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахад хөрөнгө санхүү босгох, тусгай зориулалтын компаниуд байгуулах, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх зэрэг олон ажил хийгдэх ёстой. Энэ зорилгоор “Эрдэнэс Эм Жи Эл” компанийг байгуулсан. Энэ компанид 16 орд газраас хувьцааг төвлөрүүлээгүй байгаа.

-Засгийн газраас цалин хөлс нэмэх шийдвэр гаргасан. Хэрэв төсөвт тодотгол хийхгүй гэж үзэж байвал ахин нэмэх боломж бий юу?

-Манай Засгийн газрын бодлого гурван зүйл дээр төвлөрсөн. Үүнийг гурван тулгуурт хөгжлийн бодлого гэж нэрлэж байгаа. Нэгдүгээрт, засаглалыг, төсвийн сахилга бат, төрийн албаны сахилга хариуцлагыг сайжруулснаар монгол хүн баялагтаа эзэн болж эдийн засгийн үр дүн гарч болохыг өнөөдөр харж байна. Засаглалын, төрийн албаны цогц реформ хэрэгжиж байна. Засгийн газрын хуралдаанаар төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг баталсан. Ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, төр ард түмэндээ үйлчилдэг төрийн албан хаагчидтай болвол дээрх ажлууд хэрэгжинэ. Үүний үр дүнд төсөв сүүлийн найман жилд анх удаа ашигтай гарлаа. Эдийн засгийн өсөлт урьдчилсан гүйцэтгэлээр 7.1 хувьтай гарч байна. 6.5 их наяд төгрөгийн өр төлбөр төллөө. Валютын нөөц 3.5 тэрбум ам.долларт хүрсэн. Статистикийн тоо баримтаас энэ мэт маш олон эерэг үр дүн ярьж болно. Үүнийг хүндээ хүргэхийг зорьж байгаа. Боловсрол, эрүүл мэндийн салбарынхны цалин дунджаар 20 орчим хувь, нийт төрийн албан хаагчдын цалинг энэ сарын 1-нээс найман хувиар нэмсэн. Энэ нь зөвхөн төрийн алба хаагчдад гэлтгүй ноолуурын үнэ нэмэгдэж, орон нутгийн хадгаламжийн хэмжээ нэг аймагт 50 тэрбум төгрөгөөр өссөн.

-Иргэд насны хишиг, тэтгэврийн нэмэгдлээ очоод авах гэхээр банкуудын үйлчилгээ хүндрэлтэй байна. Энэ асуудлыг Засгийн газраас зохицуулж болох уу?

-Арилжааны банкууд хувийн хэвшилд хамаардаг. Банкууд хэрэглэгч хаан гэдэг зарчмаар ард иргэд, тэтгэвэр авагч нарт чирэгдэлгүй үйлчлэх ёстой. Тиймээс ХНХЯ-наас бүх банкинд хувиар гаргаад өндөр настанд, иргэдэд чирэгдэл учруулахгүй байх шаардлага тавьсан. Мөн шууд иргэдийн данс руу шилжүүлэх боломжийг бий болгохыг даалгасан.

-Эдийн засаг өсөөд харьцангуй тогтвортой болчихлоо. Бүх хүүхдэд хүүхдийн 20 мянган төгрөгийг өгөх боломж бий юу. Энэ асуудлаар Засгийн газар ОУВС-тай тохиролцоонд хүрч энэ онд шийдэх үү. Өнгөрсөн онд зарим тэтгэмжийг дутуу олгосон асуудал яригдаад байна. Нөхөн олголт шийдэгдэх үү?

-Маш зөв асуулт байна. Манай Засгийн газар хүүхдийн мөнгөний хамрах хүрээг нэмэгдүүлсэн. Өмнө нь нийт хүүхдийн 60 хувьд олгодог хэл ам гардаг байсан. ОУВС танай улс их хэмжээний өртэй мөртлөө халамжийг хавтгайруулаад байна, битгий хавтгайруулаач гэсэн шаардлага тавьсан. Жишээлбэл, тэрбумын хөрөнгөтэй хүнд хүүхдийн мөнгө өгөх шаардлага байна уу. Хамрах хүрээг нэмэгдүүлснээс хойш энэ мөнгөтэй холбоотой гомдол тасарсан. Өмнө нь бүх хүүхдэд мөнгө олгодог байхад 80-85 хувь нь авдаг байсан юм билээ. Тиймээс халамжийг хавтгайруулахгүй байх бодлого баримталж байгаа.

-Хэрвээ хүүхдийн мөнгө авъя гэвэл боломж нээлттэй юм байна?

-Боломж нээлттэй. Тэтгэмжийн хувьд сангаас олгох бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмж болон цэргийн алба хаасны тэтгэмжийн хэмжээг 27 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн. Байнга яригддаг нэг асуудал бол тэтгэврийн зөрүү. 27 мянгаар тогтмол нэмдгийн учир нь сая төгрөгийн тэтгэвэр авдаг хүн 10 хувиар нэмэхэд 100 мянган төгрөг нэмж авна. Тэгтэл 310 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг хүнд 31 мянган төгрөг нэмэгдэнэ. Тэгэхээр тэтгэврийн зөрүү улам л холдоод байдаг. Иймээс мөнгөн дүнгээр нэмж байгаа. Өнөөдөр байгаа эдийн засгийн боломждоо тааруулаад үе шаттайгаар нэмэх бодлого баримталж байгаа. Өөрөөр хэлбэл, 250 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байсан хүн 60 мянга буюу 30 орчим хувиар нэмэгдээд 310 мянган төгрөг авна.

-Татварын багц хуулийг УИХ-д өргөн бариад найман сар гаруй хугацаанд хүлээгдлээ. Намрын чуулган завсарлахаас өмнө энэ хуулийг батлуулж чадах болов уу. Энэ хуулийг баталснаар төсөвтэй хэрхэн уялдах вэ, төсөвт өөрчлөлт орох уу?

-2018 оны дөрөвдүгээр сард өргөн барьсан. Есөн сарын хугацаа өнгөрч байна. УИХ-д намрын чуулганы хугацаанд хэлэлцэн баталж өгөөч гэсэн шаардлага тавьж байгаа. Аж үйлдвэрийн үндэсний зөвлөл дээр ч энэ санал гарсан. Худалдаа аж үйлдвэрийн танхим, бизнес эрхлэгчид ч хурдан батлахыг шаардаж байна. Энэ хуулиар татварын хувь хэмжээнээс гадна улирал бүр тайлан гаргах зэрэг татварын дарамтыг цэгцэлсэн. Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн дарга дөрвөн сардаа хэлэлцэн батлагдана гэсэн амлалт өгсөн. Тендерийн хууль ч мөн адил.

-Монгол Улс газрын тосны арвин нөөцтэй. Гэтэл бид өөрсдөө боловсруулахгүйгээр урагшаа зөөгөөд байдаг. Бараа бүтээгдэхүүний суурь үнэд нөлөөлдөг зүйл бол шатахуун, тослох материалын үнэ. Нефть боловсруулах үйлдвэр хэзээ ашиглалтад орж, хэрэглэгчид шатахуун авч болох вэ?

-Засгийн газар ТЭЗҮ-г хүлээж авсан. ТЭЗҮ-г боловсруулж хүлээж авахад аудитаар хянуулна, эдийн засгийн хувьд үр ашигтай эсэхийг нотолно. ТЭЗҮ-ээр 2016 оны нефтийн үнээр буюу дизель түлш 1000 төгрөгийн үнэтэй байвал ашигтай ажиллана гэсэн тооцоо гарсан. Зах зээлийн үнээ дагаж байгаа учир манай зах зээлийн өнөөгийн үнээр ч ашигтай ажиллана. Энэ оны нэгдүгээр улиралд багтаад төслийн сонгон шалгаруулалтыг дуусгахаар төлөвлөсөн. Энэтхэгийн зээлээр байгуулж буй учир тус улсын компанийг гүйцэтгэгчээр санал болгосон. Туслан гүйцэтгэгчдээ сонгоод ажил эхэлнэ.

Нефтийн үйлдвэрийн бэлтгэл ажил буюу Дорноговь аймгийн Алтанширээтэд тавигдаж буй зам маш сайн явж байгаа. Энэ замыг улсын үйлдвэрийн газруудаар хийлгэсэн. Төлөвлөсөн төсөвт өртгөөсөө 40 тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажилласан. Ерөнхий сайд үүрэг өгөөд, хатуу шаардлага тавиад, АТГ зэрэг хуулийн байгууллагуудын хяналтан дор ном журмаар нь хийлгэсэн.

-Хөрс, орчны бохирдол зэрэг байгаль орчны асуудлыг хэрхэн шийдсэн бэ?

-ТЭЗҮ байгаль орчны болон хөрс, агаарын бохирдлын судалгаатай уялддаг. Салхины чиг, хөрсний бохирдол, усны нөөц, газар зүйн байршил зэрэг бүх асуудалтай уялдуулж Дорноговь аймгийн Алтанширээ сумыг сонгосон. ТЭЗҮ-гээр үр ашигтай болох нь нотлогдоод энэ онд барилгын ажлыг эхлүүлээд 2022 онд үйлдвэр ашиглалтад орно. Монголчууд өөрийн орны үйлдвэрлэсэн шатахуунаа хэрэглэх боломжтой болно.

-Нефтийн үйлдвэр ашиглалтад ортол бензин, шатахууны тал дээр хойд хөршөөс хараат хэвээрээ байна. Иргэдийн бухимддаг гол асуудал бол бензиний үнийг 350 хүртэлх төгрөгөөр нэмсэн хэрнээ 100-200 төгрөгөөр л буулгадаг. Цаашид үйлдвэр ашиглалтад ортол энэ тал дээр ямар бодлого баримтлах вэ?

-Бензиний үнийг өнгөрсөн сард 150 төгрөгөөр, энэ сард 100 төгрөгөөр бууруулсан. Жишээлбэл, АИ-92 бензиний үнэ 1950 төгрөг байсан бол одоо 1700 орчим төгрөгт хүртэл буурч очсон. Тооцоолоод үзэхээр үнэ илүү буурах боломжтой. Гэтэл эдгээр сард валютын ханш 200 гаруй төгрөгөөр нэмэгдсэн. Бид ам.доллараар худалдан авалт хийж буй учир ханшийн өсөлт бензиний үнэд литр тутамд 150 төгрөгөөр нөлөөлж байна. Тэгэхээр бензиний үнэ 400 орчим төгрөгөөр буурах бололцоотой байсан ч валютын ханшнаас шалтгаалж, нийтдээ 250 орчим төгрөгөөр л буурсан. Цаашдаа валютын ханш буурвал нефтийн үнээ буруулна. Нефтийн үйлдвэртэй болох хүртлээ урт хугацаанд үнийг тогтворжуулах яриа хэлцэл ОХУ-ын Элчин сайд, холбогдох газруудтай хийж байна.

-Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс орлого тасалдах эрсдэл байна гэж хэлж байсан. Монгол Улс энэ онд 42 сая тн нүүрсээ экспортолж чадах болов уу. Хамгийн том эрсдэл юу вэ. Яаж уялдаж ажиллах вэ?

-Өнгөрсөн онд Монгол Улс рекорд буюу 36 сая тн нүүрс экспортолсон. Энэ хэмжээ цаашдаа нэмэгдэх бололцоотой. Объектив тал дээр зам харилцаа, хилийн боомтын хүчин чадлаа сайжруулах талаар хөрш орон БНХАУ-тай нягт хамтран ажиллаж байна. Үүний үр дүнд тээвэрлэх болон боомтын нэвтрүүлэх хүчин чадал сайжирч 42 сая тн нүүрсний экспортод хүрэх бололцоотой. Субъектив талын улс төрийн нөлөө, дэлхийн зах зээлийн үнэ зэрэг бусад хамаарах хүчин зүйлийг урьдчилан хэлэх бололцоогүй.

Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Ханги, Тавантолгой-Цагаан дэлийн боомт гэсэн гурван чиглэлээр зам, барилгын ажил эхлүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр Тавантолгойн үр өгөөж, иргэдийн ногдол ашиг нэмэгдэнэ. Бодит байдал дээр зам, барилгын ажил хийгдэж боомтын хүчин чадал сайжирна. Тиймээс 42 сая тн гэдэг бол бодит хүчин зүйлд үндэслэсэн тооцоо.

-Дэд бүтцээ сайжруулаагүй тохиолдол нүүрсний экспорт нэмэгдүүлэхэд хүндрэлтэй. Төмөр зам барих ажил олон жил шийдэгдээгүй. Сангийн сайд өнгөрсөн онд их хэмжээний өр төлбөр барагдуулаагүй бол төмөр замаа барьчих байсан гэсэн тайлбар хийсэн. Төмөр зам тавих ажил яг хэзээ эхлэх вэ?

-Засгийн газар 6.5 их наяд төгрөгийн өр төлөөгүй, өрийн дарамтад ороогүй бол төмөр замын ажлаа эхлүүлчих байсан. ТЭЗҮ-ээр 2.5 их наяд төгрөг буюу нэг тэрбум доллараар төмөр зам барих бололцоотой гэж гарсан. Өрөө хойшлуулаад төмөр замаа бариад эхэлчихвэл гадны байгууллагууд Монгол Улсад итгэхээ болино. Өөрийн дарамт бидний том бүтээн байгуулалтад саад учруулж байгаа. Мөнгө босгож төмөр замаа тавья гэхээр зээлийн хүү нь өндөр.

6.5 их наяд төгрөгийн өр төлбөр өгснөөр Монгол Улсын зээлжих зэрэглэл гурван шатаар сайжирсан. Өөрөөр хэлбэл, найдваргүй зээлдэгч ангилалд байсан бол дунд зэрэглэлд орсон.

Налайх-Чойрын зам буюу Баянзүрхийн товчооноос Чойрын уулзвар хүртэлх авто зам олон улсын түвшинд очно. Засгийн газрын хуралдаанаар арваннэгдүгээр сард ашиглалтад оруулах үүрэг даалгавар өгөгдөөд гэрээ байгуулаад ажил эхэлж байна. Дөрөвдүгээр сарын 1-нд ажил эхлэх байсныг эрт дулаарч байгаа учир гуравдугаар сарын 15-наас эхлүүлэхээр наашлуулсан.

-Шахмал түлшний үйлдвэр нийслэлийг бүрэн хангахуйц хэмжээнд үйлдвэрлэл явуулахгүй байгаа учир түүхий нүүрсийг бүр хориглочихвол иргэд түлшгүй болно. Шахмал түлшний олдоц, илч бага байна гэсэн шүүмжлэл гарч байна?

-Өнөөдөр 200 мянга орчим гэр хорооллын өрх өвлийн хэрэгцээндээ 1.1 сая тн нүүрс хэрэглэж байгаа. Энэ жил 600 мянган тн сайжруулсан түлш үйлдвэрлэх үүрэг даалгавар өгөөд ажиллаж байна. Нүүрсний хэрэглээ дөрөвдүгээр сараас багасна. Хоёрдугаарт, сахилга дэг журам, хүн бүрийн хүчин зүтгэл, оролцоо хэрэгтэй. Засгийн газар нэг өдөрт утааг алга болгочихгүй. Хүн бүр гэрээ дулаалж, нийгмийн хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй. Чингэлтэй дүүрэгт очиход хоёр давхар байшинтай айл дулааны асуудлаа цахилгаан халаагуураар шийдсэн байсан. Ганц ч удаа гал түлэхгүй өвөлжиж байгаа ийм айл байна. Засгийн газар яагаад утааг арилгахгүй байгаа юм бэ гээд суух бус хүн болгон хичээн зүтгэх ёстой.

Агаарын бохирдлын учир шалтгаан нь хот төлөвлөлтийг буруу хийсэн, төлөвлөлтгүй газар олголт, зохион байгуулалт болон шилжин суурьших нөхцөлийг задгай орхисны үр дүн. Эхний ээлжинд сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж байна. Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хорооны өрхөд сайжруулсан түлшний туршилт хийсэн. Тухайн айл түлшээ хоёр дахин хэмнэсэн, утаа бага, ашигтай юм байна гэсэн мэдээлэл өгсөн. Өөр нэг өрхөд цахилгаан зуух туршиж үзсэн. Лабораторийн туршилтаас гадна бодит байдал дээр туршилт явуулж байгаа. Лабораторийн туршилтаар агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж байгаа нь батлагдсан. Шахмал түлшийг одоогийн нүүрстэй адилхан өртөгтэй, арай хямд байхаар зохицуулж байна.

-Гэр хороололд халаагуураар дулааны асуудлаа шийдэхээр эрчим хүчний хүчдэл, чадал дутмаг байна. Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд удаан яригдсан ДЦС-V-ын ажлыг эхлүүлэх боломж бий юу?

-Манай зовлон түрүүн хэлсэн тогтвортой бодлогогүйгээс болж байна. Тавантолгойд цахилгаан станц барих гэсэн Оюутолгойд цахилгаан станц барина гээд унагаачихсан. Оюутолгойд цахилгаан станц барих гэсэн консорциум байгуулаад Тавантолгойд барина гээд унагаасан. Тэгсэн Тавантолгойн станцаа ДЦС-V-ыг барина гээд бас болиулсан. ДЦС-V-ыг Багануурын цахилгаан станцыг байгуулъя гээд бас болиулчихсан. Одоо Багануурт барих станцаа эргээд ДЦС-V-ыг бария гээд унагаах юм бол хэзээ ч баригдахгүй байж магадгүй. Одоо Багануурын хүчин чадал нь буурсан ч, ДЦС олон улсын гэрээ байгуулаад ажил үргэлжилж байна. Бөөрөлжүүтийн, Шивээговьд цахилгаан станц байгуулах барих асуудал явж байна. Цахилгаан станцуудаа барьж эхлэх хэрэгтэй болохоос тэрийгээ болиод энд баръя гэдэг маань алдаа болж байна.

-Яндангийн тоог цөөлөхгүйгээр утаа бүрэн алга болохгүйг судлаачид хэлдэг. Гэр хорооллыг өрхийг орон сууцжуулах бодлого, зээл тусламжид Засгийн газраас ямар чиглэл барьж ажиллах вэ?

-Маш зүйтэй асуулт байна. Сая богино хугацаанд утааг яаж багасгах вэ гэдэг ойрын хугацааны шийдлийг ярьсан. Урт хугацааны хамгийн гол бодлого нь орон сууцжуулах. Улаанбаатарын газар олголт хязгаарт хүрсэн учраас дагуул хот байгуулах нь зөв гэж үзэж байгаа. Засгийн газраас сая дагуул хот байгуулах шийдвэр гарсан. Дагуул хотын төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх ажлын шийдэл гаргасан. Энэ бол дунд урт хугацааны төлөвлөгөө. Шинэ нисэх онгоцны буудал энэ онд ашиглалтад орно. Шинэ онгоцны буудлаа дагаад хот байгуулна. Энэ хотод эдийн засгийн чөлөөт болон аялал жуулчлалын бүс байгуулъя гэсэн санал олон гарсан. Үүнийг дагаад Зуунмод хотын төлөвлөлтийг шинэчлэн хийж байгаа. Зуунмод нийслэлээс 40 км зайтай ойрхон учир дагуул хот болж хөгжинө. Дэргэд нь Майдар хот бий. Зуунмод, Майдар, Aero city гэсэн гурван дагуул хот автозамаар холбогдоно. Тэнд дэд бүтцийг нь шийдээд аялал жуулчлал, их дээд сургуулиудын төвлөрүүлж хөгжүүлэх төлөвлөгөө гарсан. Дээрх газруудыг тусгай хэрэгцээнд авсан. Тэнд хотжилт үүсээд Улаанбаатараас 400 мянган хүн шилжихэд, нийслэлийн гэр хорооллын ачаалал тэр хэмжээгээр буурна.

-Ипотекийн зээлийн хүүг зургаа, долоон хувь болгож буулгах боломж бий гэж харагддаг. Засгийн газар Монголбанкнаас арилжааны банкуудад нэг хувийн хүүтэй мөнгө олгоод, арилжааны банкууд тухайн хөрөнгөөр ипотекийн зээл олгох журам баталсан. Банкууд нэг хувийн хүүтэй мөнгө авч байгаа учир ипотекийн зээлийн хүүг бууруулсан ч ашигтай ажиллаж болохоор харагдаж байна?

-Монголбанк мөнгө хэвлэхгүй л бол өөрийн мөнгөгүй банк. Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс нэг хувийг олж байгаа. Тэр нь хязгаартай. Өнөөдрийн хувьд зээлийн эрэлт нийлүүлэлтээсээ их байгаа учраас зээлийн хэмжээг нэмэгдүүлэх нь гол асуудал болсон. Хүү буурлаа эрсдэл улам нэмэгдэнэ. Тиймээс ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь эхний ээлжийн зорилт болж байгаа. Цаашдаа эдийн засаг сайжрахын хэрээр зээлийн хүүг бууруулах, инфляц, валютын ханшаа тогтворжуулах боломж бүрдэнэ.

-Засгийн газар дотооддоо хариуцлагаа хэр зэрэг чангатгаж байгаа вэ. ЖДҮХС-гаас зээл авсан сайд болон агентлагийн дарга нартайгаа хариуцлагаа тооцож эхэлсэн. Цаашдаа төсвийн сахилга бат алдсан, ёс зүйн алдаа гаргасан албан тушаалтантай хариуцлага тооцох тал дээр анхаарч байгаа юу?

-Ёс зүй ярихаар зохицуулалтгүй гээд хариуцлага хүлээдэггүй тогтолцоо байсан бол манай Засгийн газрын үед ёс зүйн хариуцлага хүлээдэг улс төрийн соёлыг бий болгож чадсан. Үүнийгээ соёл бус дэг журам, хууль болгож батлах гэж байна. Засгийн газрын хуралдаанаар Төрийн албаны ёс зүйн дүрмийг баталсан. Энэ дүрмээр төрийн албаны нэр хүндэд хохирол учруулсан, ёс зүйн алдаа доголдол гаргасан тохиолдолд хуулиар хариуцлага хүлээхгүй бол өөрөө сайн дураараа огцордог, хариуцлагаа хүлээдэг байх зохицуулалтыг хийсэн. Мөн үүнтэй уялдуулаад Төрийн албаны сахилга хариуцлагын тухай хуулийг боловсруулж, бэлэн болгосон.  

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Г.Занданшатар: Эдийн засаг сайжрахын хэрээр зээлийн хүүг бууруулах, инфляц, валютын ханшийг тогтворжуулах боломж бүрдэнэ  
Үзсэн: 822 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй